ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018/03/28
Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан 2018 оны 3 сарын 15-ны өдөр 10.00-12.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулагдлаа.
Хуралдаанд хороо гишүүд бүрэн ирцтэйгээр оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх удирдан явууллаа. ...
Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Чинзориг Хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Хорооны дүрмийн нэмэлт, өөрчлөлт, тогтоолын төслийг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Хорооны гишүүдийн санал, дүгнэлтийг сонсож, хэлэлцсэнээр тус хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав;
2. Хорооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, ажлын албыг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахыг хорооны гишүүд дэмжив;
3. Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг батлав.
Хуралдааны үеэр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан Барилга, хот байгуулалтын яамны Жендэрийн салбар зөвлөл, Дорноговь аймгийн Жендэрийн салбар хороог өргөмжлөл, мөнгөн шагналаар, Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархаж Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшууллаа.
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА