КЕЙС СУДАЛГАА: ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ БА ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ СТРАТЕГИ

Нотолгоонд суурилсан, оролцогч талуудад чиглэсэн мэдээлэл харилцааны арга нь жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй.

Тойм
Монголын аль ч хот суурин газар эмэгтэй хүн мотоцикл унаад явж байгааг харвал хүн бүр л гайхашрана. Харин энэ нь хөдөө орон нутагт хэвийн дүр зураг юм. Юу чухам эмэгтэй хүнийг мотоцикл хаана унаж болно, хаана болохгүй хэмээн бодоход хүргэж байна вэ? Жендэрийн хэвшмэл ойлголтыг мэдээлэл харилцаагаар дамжуулан хэрхэн өөрчилж болох вэ?

Монгол улсад хэрэгжүүлжсэн төслийн хүрээнд жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор мэдээлэл харилцааны аяныг үндэсний болон орон нутгийн түвшинд 3 сарын хугацаанд зохион байгууллаа. Олон нийтэд чиглэсэн мэдээлэл, харилцаа нь жендэрийн асуудлыг бодлого хөтөлбөрт уялдуулан тусгах, Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдыг чадавхжуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэлээ.

Хөгжлийн Сорилтууд
Жендэрийн хэвшмэл ойлголт гэдэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд зөв зохистой гэж тооцогддог зан үйл, гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар нийгэмд  уламжлагдан тогтсон ялгамжтай хандах хандлага, нийгмийн хүлээлт юм. Хэвшмэл ойлголт нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөгжих боломжийг хязгаарлан, гүйцэтгэх ажил үүргийг урьдчилан оноож, тэдний амьдралын төлөвлөгөө, сонголтод саад учруулдаг.

Агуулга
Монгол улсад жендэрийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч дараах гурван гол шалтгаанаас хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Үүнд:

  • Жендэрийн дүн шинжилгээ хийх, жендэрийн асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтөд уялдуулан тусгахад төрийн байгууллагуудын чадавх, хариуцлагын тогтолцоо хангалтгүй;
  • Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, салбар дундын зохицуулалт сул;
  • Зарим салбарын хүйсээр ангилсан тоон мэдээлэл хангалтгүй зэрэг болно.  

Монгол улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын Дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2013-2016)-ний хэрэгжилтэд хийсэн иргэний нийгмийн байгууллага үнэлгээнд, жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг хангалтгүй байгаа нь гол бэрхшээлийн нэг болохыг дурьджээ. Энэ нь мөн хуулийн хэрэгжилтэд нөлөөлж байна.   

Шийдлүүд
Жендэрийн тэгш байдлыг хангахад тулгамдаж буй гол асуудлууд, тэдгээрийн эх сурвалжууд, “голлон тоглогчдыг” тодорхойлохдоо мэдээлэл харилцааны суурь судалгааг ашиглана.  

 Улаанбаатар хотын 9 дүүрэг, Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор, Хэнтий, Ховд зэрэг 6 аймгийг хамруулан суурь судалгаа хийх  санаачлагыг Азийн Хөгжлийн  Банкнаас (АХБ) дэмжсэн юм. Уг судалгаанд тоон болон чанарын аргачлал хослуулан ашигласан бөгөөд жендэрийн шинжээчид, судлаачдын дунд аргуудыг урьдчилан туршсаны үндсэн дээр судалгааг хэрэгжүүллээ. Асуулга судалгаанд 1000, мөн бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагад  92 оролцогч оролцсон юм.

Жендэрийн тэгш бус байдал нь Монголын нийгмийн бүх хүрээнд гүнзгий орших жендэрийн хэвшмэл хандлагаас шууд улбаатай байгааг судалгааны үр дүн харууллаа. Жендэрийн хэвшмэл ойлголт, хандлага нь жендэрийн харилцаанд нөлөөлөхийн зэрэгцээ гэр бүл, нийгмийн амьдралд уламжлан тогтсон эмэгтэй, эрэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг улам бэхжүүлэх нөхцөл болж байна.

Үр дүн
2011 онд Жендэрийн Эрх Тэгш Байдлыг Хангах тухай хуулийг боловсруулж батлуулахад АХБ техникийн туслалцаа үзүүлсэн бөгөөд 2014 оноос хойш уг хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн техникийн туслалцааны төслүүдийг мөн хэрэгжүүлж ирлээ. “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” төсөл нь Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн зургаан зорилтын нэг болох “хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэх” зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан юм.

Сургамж

  1. “Жендэрийн тэгш байдал”, “жендэрийн хэвшмэл ойлголт” зэрэг асуудлаар олон нийтийн мэдээлэл харилцаанд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ суурь судалгаагаар гол асуудлыг тодорхойлон тэдгээрийг оролцогч талуудын амьдралын туршлага, үйл ажиллагаатай холбон тайлбарлах замаар асуудлыг тогтоон шинжлэх нь чухал юм.
  2. Олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд телевиз, нийгмийн сүлжээг ашиглах нь үр дүнтэй хэдий ч олон нийтэд суурилсан мэдээлэл харилцаа, оролцогч талуудад чиглэсэн сургалт, семинар зэрэг өөр бусад аргуудыг ашиглах нь зүйтэй. Энэ нь орон нутгийн оролцогч талуудын амьдрал үйл ажиллагаанд нөлөөлж буй жендэрийн хэвшмэл ойлголтуудыг бэхжүүлэх бус, өрх гэр бүл, сургууль, ажлын байранд нийтлэг тохиолддог эдгээр хэвшмэл буруу ойлголтыг анзаарч, арилгахад чиглэгдэж байгаа юм.
  3. Нийгмийн сүлжээгээр мессеж, мэдээллүүд түгээхдээ цахим хэлэлцүүлэг хийж оролцогчдоор амьдралын туршлагыг яриулах зэрэг хосолмол үйл ажиллагаа хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй.
  4. Хөгжлийн чиглэлийн мэдээлэл харилцааны ажилтнууд “дуртай, тааламжтай, сэтгэл дундуур, эсвэл ууртай” мөн эерэг, эсвэл сөрөг санал шүүмжид” анхаарахаас илүүтэй, цахим, нийгмийн сүлжээний аяны зохион байгуулах, аяны үр дүнг нэгтгэн дүгнэх хяналт-шинжилгээ, үнэлгээний арга, аргачлалд сайтар суралцах шаардлагатай байна.
  5. Мэдээлэл харилцааны аяны хүрээнд төсөл нь 2017-2021 онд хэрэгжих Жендэрийн Тэгш Байдлыг Хангах Үндэсний хөтөлбөрийн “жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өрнүүлэх” зорилтыг биелүүлэхэд дэмжлэг болж байгаа юм. Тус аяныг тогтмол хэрэгжүүлэхийн тулд дараагийн төслүүд нь энэхүү ололтоо бататган цааш үргэлжлүүлэх, ялангуяа орон нутгийн оролцогч талуудыг өөрийн орон нутагтаа мэдээлэл харилцааны аяны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлуудыг илүүтэй дэмжих нь зүйтэй.    

Энхүү Кейс судалгааны дэлгэрэнгүйг Англи хэл дээр дараах холбоосоор үзнэ үү: 
https://development.asia/case-study/communication-strategies-enforce-gender-equality-legislation-mongolia