"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. 6 дугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байд

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 18 дахь илтгэлийг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцээд гаргасан дүгнэлт, саналыг танилцуулсан бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн боловсрол, жендэр, эрүү шүүлт, ажлын байран дахь бэлгийн дарамт, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилт, онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрх зэрэг 6 бүлэг сэдвээр 25 санал хүргүүлснийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уншиж танилцууллаа.

Байнгын хорооны хурал 73,7 хувийн ирцтэйгээр үргэлжилж, УИХ-ын гишүүн Л.Болд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байсан нэр бүхий хүмүүсийг эрүүдэн шүүсэн талаарх бичлэгийг Хүний эрхийн Үндэсний Комиссынхонд үзүүлэж, дүгнэлт гаргуулах саналыг өмнөх хуралдаанаар тавьсны дагуу Комиссоос уг бичлэгтэй холбоотой дүгнэлт танилцуулга ирсэн болохыг хэлж, нэгэнт эрүү шүүлтэд өртсөн нь тодорхой болсон тэр хоёр хүнийг суллах эрх зүйн ямар гарц, боломж байгааг Хүний эрхийн Үндэсний Комисс болон прокуророос асуумаар байна гэв. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Шалгах ажиллагаа явагдаж байна. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Тодорхой хэлэх боломжгүй байна” гэсэн бол ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр “Улсын нууц гэдгээр халхавчлан иргэдийг эрүүдэн шүүсэн ноцтой баримт илэрсэн явдалд зөвхөн хууль тогтоох төдийгүй гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хүрээнд нухацтай ярилцах асуудал мөн гэж үзэж байна. Юуны өмнө улсын нууц гэдэг ойлголтыг ямар хууль тогтоомжоор хэрхэн тодорхойлсон болох, энэ нь зөв, буруу болсон эсэхийг сайтар шалган тогтоож, учрыг олох ёстой. Улсын нууц биш олон юмыг улсын нууцад хамруулснаас шалтгаалан хүний эрх зөрчигдөх, эрүүдэн шүүх, хилсээр шийтгэгдэх үндэс болсон цаад учир шалтгааныг олох шаардлагатай гэж үзэж байна. Муур, хулгана болж тоглоод байна. Хор уршиг нь ноцтой. Иймээс эрүүдэн шүүсэн нь илэрхий тодорхой болсон шинэ нөхцөл байдлыг үндэслэн прокурор дүгнэлтээ яаралтай гаргаж, шүүх бүх тогтоолоо хүчингүй болгон энэхүү тодорхой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаас өөр замгүй. Харин хууль тогтоох эрх мэлийн хувьд гагцхүү хоёр аргаар буюу 1-рт, хууль гаргах замаар, 2-рт, тодорхой нөөцөөр /хүнээр/ дамжуулан шүүх эрх мэдэлд хяналт тавих үүргээ гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол төрийн гурван эрх мэдэл цэг цэгтээ эзэн нь байж, харилцан тэнцвэртэй хяналт тавих үүргээ ёсчлон гүйцэтгэхийг цаг үе хурцаар шаардаж байна” хэмээв.

Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн талаарх дүгнэлтийг ХЭҮК ирүүлэхдээ албан бичигт хавсаргасан тул гишүүдийн гарын үсгээр давхар баталгаажуулалт хийх шаардлагатай гэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүсэлтийг ХЭҮК-ын гишүүд газар дээр нь биелүүлж, баталгаажуулж өгөв. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж түүний асуултад хариулахдаа “...Эрүү шүүлт тулгасан уу, тулгасан. Ашиглахаа больсон зоорийн давхрыг зориуд засч, камер байрлуулж, дээд зэргээр зохион байгуулалттайгаар хийсэн ажиллагаа болох нь тодорхой байна. Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид Чимгээтэй очиж уулзаж байсан. Айдастай байгаа нь илэрхий байсан. Энэ хүмүүсийг яаралтай суллаад яаралтай асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа. Шүүгчийн захирамжгүйгээр хүнийг хорьж саатуулах асуудал байж болохгүй гэдэг шаардлагыг ХЭҮК удаа дараа тавьсаар ирсэн.” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан “Хүний эрхийн Үндэсний Комиссын эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагатай байгаа. Шүдгүй арслан хэвээр байсаар байх уу, Комиссын тухай хуулиар хүлээсэн эрх мэдэл хязгаарлагдмал байгаа асуудлыг та нар өөрсдөө хэрхэн анхаарч, ямар байр суурьтай байдаг вэ?” гэж асуухад ХЭҮК-ын дарга “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төсөлд хүний эрхийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон холбогдох бүх төлөөлөл саналаа өгсөн, саналаа нэгтгэсэн. Хуулийн төсөл бэлэн болсон, Хууль зүй дотоод хэргийн яаманд байгаа. Энэ хаврын чуулганд өргөн барина байх гэж найдаж байна” гэв.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Эрүү шүүлттэй холбоотой хэрэг зөрчлийг шийдвэрлэхдээ хүний эрхийн олон улсын гэрээг практикт хэрэглэх шаардлагатай. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцын 13, 14, 15-р зүйл тус бүрт тодорхой заасан байгаа. Эрүүдэн шүүсэн хэрэгт нотлох баримтыг гаргаж тавин олон улсын гэрээг ашиглаж байсан практик бидэн бий.” гэж Л.Болд гишүүний асуултад нэмэлт тодруулга хийв.

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар нарын гишүүд үг хэлж, асуулт тавьж, санал гаргалаа. Илтгэлийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан нэр бүхий гишүүдээс гаргасан 3 асуудлаар санал хураалт явуулсан юм. Үүнд: 1-рт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэх тухай санал 81,2 хувийн саналаар дэмжигдлээ. 2-рт, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, хохирлыг өөрөөр нь нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх санал мөн дэмжигдлээ. Харин 3-рт, С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байх хугацаандаа эрүү шүүлтэд өртсөн иргэн Ч, С нарыг даруй суллах тухай саналыг гишүүд “УИХ-ын байнгын хороо иргэнийг баривчлах, суллах талаар чиглэл өгч болохгүй. Үндсэн санааг нь дэмжиж байна” гэснээр дахин найруулж “Хууль хяналтын байгууллагаас эрүү шүүлт тулгасныг тогтоосон тул хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” болгон санал хураалт явуулснаар 86,7 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны төгсгөлд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг 93,3 хувийн саналаар дэмжлээ. Энэ нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьсан 18 илтгэлээс анх удаа УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн тохиолдол болж байгааг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцолж байлаа.

mIe6vOsZAI06mvo.jpgbXLAEQUi252ONil.jpg