ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтын модулийг Монголд анх удаа боловсруулж, нэвтрүүлэх бэлтгэл ажил үе шаттай явагдаж байна. Удирдах ажилтнуудад зориулсан цахим сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын алба Сангийн яамтай хамтран, АХБ-ны техникийн туслалцааны төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийн туршилтын сургалт-семинарыг зохион байгууллаа.

Сургалт семинарт Сангийн яам, түүний харьяа агeнтлагуудын 40 удирдах ажилтан хамрагдаж, цахим сургалтын модультай танилцаж, туршсан бөгөөд модулийг үнэлж, сайжруулах талаар санал солилцлоо.

Сургалтын модуль жендэрийн үндсэн ойлголт, хууль эрх зүйн талаарх мэдлэг, мэдээллийг тусгасан гурван үндсэн хэсэгтэй. Модульд хамрагдаж байгаа оролцогчдын хувьд өөрийн боломжтой цаг хугацаа, орон зайд суралцах боломж олгож байгаагаар давуу талтай юм.

Сургалтын модулын зорилго нь жендэрийн тэгш байдлыг хангах тухай ойлголт мэдлэгийг төрийн удирдах албан тушаалтнуудад олгоход чиглэсэн бөгөөд цаашид төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журамд энэ сургалтад хамрагдаж, сертификат авсан байх шаардлагыг тавихаар төлөвлөж байна.