Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ хийгдэж байна

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд нөхцөл байдлын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэж байна. Үнэлгээний ажлыг Монголын Нутгийн удирдлагын холбоо гүйцэтгэж байгаа бөгөөд жендэрийн зөвлөхөөр Үндэсний шинжээч Ш.Солонго ажиллаж байна. Үнэлгээний ажлын хүрээнд Өвөрхангай, Хэнтий аймаг, Төв аймгийн Баянчандмань, Архангай аймгийн Цэнхэр сум, нийслэл, нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнуудад жендэрийн сургалтууд зохион байгуулагдахаас гадна хурлын төлөөлөгч, тэргүүлэгчдийн жендэрийн талаарх мэдлэг, туршлагыг өөрийн үнэлгээний асуулгаар үнэлэх, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагуудыг зохион байгуулах ажлууд тус тус хийгдэж байна. Судалгааны ажлын хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын албан дээр ажиллаж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Ажлын албаны албан хаагчдад “Жендэрийн талаарх үндсэн ойлголт”, “Монгол улс дахь жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоо, эрх зүй, бодлогын орчин”, “Аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр боловсруулах үндэслэл, үе шат”, “Жендэрийн хэвшмэл ойлголт” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.