“Илүү сайхан ирээдүйн төлөө” Олон улсын Эмэгтэйчүүдийн чуулганд “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газар Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө” Олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулах гэж байна.
Тус чуулганд ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, АНУ, Казакстан, Швед, БНСУ, Энэтхэг, Буриад, Халимаг, Тува, Якут, Япон зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид оролцох юм.
Чуулганы зорилго нь Охид эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нягтлан тодорхойлох, олон улсын сайн туршлагаас суралцах, боломжуудыг хамтран хэлэлцэх, ТХЗ-ын 5-р зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, тодорхой саналуудыг Монгол Улсын төр засаг болон улс төрийн намуудад хүргэх юмаа.
Түүнчлэн  МЭХ нь Жендэрийн Үндэсний Хорооны гишүүний хувьд 2018 оны 7 дугаар сард ЖҮХ-ны дарга, МУ-ын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдсан “Жендэр ба Хөгжил” олон улсын бага хурлаас гарсан “Улаанбаатарын Тунхаглал”-аар хүлээсэн үүргээ биелүүлэх, Засгийн Газрын амлалтыг сануулах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилготой болно.
Энэхүү чуулганаар “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр”, “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл, тэдний аюулгүй байдал”, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны зорилт” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ
Тус чуулганы үндсэн илтгэлийн нэг болох “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо” илтгэлийг Монгол Улсын Засгийн газраас Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцуулах болно.