“Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдаж байна

Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн, төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 гаруй төлөөлөл оролцож байна.
Тус чуулганд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Төрөөс Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” сэдвээр илтгэл, мэдээлэл хийж оролцож байна.
Түүнчлэн уг чуулганаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог дэмжин идэвхжүүлэхэд салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн удирдан чиглүүлж амжилттай хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлага, амжилтыг хуваалцаж энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргахаар зорьж байгаа болно.