БЭЭЖИНГИЙН ТУНХАГЛАЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАГА ХУРАЛД МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

Эмэгтэйчүүдийн Дэлхийн 4 дүгээр бага хурал болон Бээжингийн Тунхаглал 25 жилийн ойн хүрээнд Бангкок хотноо 2019 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх Ази, Номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын бага хурал болж байна.
Бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн асуудал эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаагаар ахлуулсан Засгийн газрын төлөөлөгчид болох Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Ажлын албаны Бодлого төлөвлөлт, төсөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батцэцэг нар оролцож байна.
Төлөөлөгчдийн ахлагч Д.Сүхжаргалмаагийн тавьсан илтгэлд Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, сайн туршлагыг танилцууллаа. Бага хурлаар Ази, Номхон далайн бүс нутагт жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлын хүрээнд хүртээмжтэй хөгжил, зохистой ажлын байр, хүчирхийллийг арилгах, хэвшмэл ойлголтыг халах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн нийцтэй институцийг бэхжүүлэх, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, даван туулах чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэж байна.
Төлөөлөгчид салбар хуралдаан, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, төрийн бодлого, үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд илэрхийлж танилцуулах, сурталчлах, улсынхаа байр суурийг Тунхаг бичигт оновчтой тусгах, цаашдын ажилд хэрэгтэй харилцаа холбоо тогтоох зэрэг шаардлага хэрэгцээг ханган ажиллаж байна.
Мөн Бага хурлаас эрх тэгш ирээдүйн төлөө эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэх асуудлаар Сайд нарын Тунхаглалыг батлах юм. Энэхүү хуралд Хорооноос ихээхэн ач холбогдол өгч Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийн үндэсний тайланг ХНХЯ-тай хамтран бэлтгэж хүргүүлсэн бөгөөд бэлтгэл хуралдаанд төлөөлөгчөөр оролцох зэргээр ажилласан юм.
Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн бодлого нь Бээжингийн тунхаглалыг дэмжиж ирсэн бөгөөд бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд сайн туршлага болохоор хүчин чармайлтууд олон байгааг үндэсний тайланд дурдсан билээ.