"Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" техникийн туслалцааны төсөл хэрэгжиж эхэллээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой 500,000 ам.долларын "Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" техникийн туслалцааны төслийг Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банк хамтран Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020-2021 онд хэрэгжүүлнэ.

Тус төслийн хүрээнд дараах гурван чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.
Үүнд:
1) жендэрийн асуудлыг үйл ажиллагаандаа үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар төрийн болон ТББ, хувийн хэвшлийн ажилтнуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх;

2) орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн ТББ үнэлэх чадавхыг бэхжүүлэх;

3) жендэрийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

Төслийн хүрээнд Жендэр, хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөх баг болон олон нийттэй харилцах зөвлөх баг хамтран ажиллахаар сонгогдоод байна.

Иймд тус төслийн үйл ажиллагаа эхлэж байгаа талаарх албан ёсны мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор төслийн удирдлага, хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч талуудыг оролцуулсан Нээлтийн уулзалтыг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар зохион байгуулагдлаа.

Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран төслийн хэрэгжүүлэгч талуудын цаашдын ажилд амжилт хүсэн талархал илэрхийлэв.