Жендэрийн үндэсний хорооны 2020 оны ээлжит хуралдаан зохион байгуулагдлаа.

Хорооны 2020 оны ээлжит хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалан төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 65 хувийн ирцтэйгээр зохион байгууллаа. Цаг үеийн асуудлаар онцгой байдал зарласантай холбогдуулан өргөтгөсөн байдлаар зохион байгуулах асуудлыг цуцалсан болно.

Хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2017 оны 27 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар шинэчлэн баталсан бөгөөд Хуралдаанд 26 гишүүн оролцохоос ГХЯ, ХЗДХЯ, ЭМЯ, БХЯ-ны ТНБД нар гадаад, дотоод томилолттой, БОАЖЯ-ны ТНБД, Монфемнет үндэсний сүлжээний зохицуулагч нар өвчтэй, ХЭҮК болон НАМЭХ-ны төлөөлөл тодорхойгүй шалтгаанаар хуралдаанд оролцсонгүй.

Ээлжит хуралдааныг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, асуудал тус бүрээр Хорооны тогтоолыг баталлаа. Мөн 2019 онд бусдыгаа манлайлж ажилласан Батлан хамгаалах яамны Жендэрийн салбар зөвлөл, Нийслэл, Өвөрхангай аймгийн Жендэрийн салбар хороонд өргөмжлөл, мөнгөн урамшуулал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх Хорооны гишүүдэд хандан:

1.Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж батлах, бүх түвшинд нэвтрүүлэх шаардлагатай, салбар, орон нутгийн хөгжлийн бодлого жендэрийн арга зүйд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт байхыг анхаарах;

2. Хорооны гишүүд өөрийнхөө хэрэглэдэг тоо бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналтын бүхий л маягт, журмаа хянан үзэж, хүйсээр ялгасан тоон мэдээ, чанарын шалгуур үзүүлэлтүүдийг тусгах арга хэмжээг яаралтай авах;

3. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 жил рүү /9,67/ дөхөж байгаа нь анхаараад зогсохгүй тодорхой, оновчтой үйл ажиллагааг хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарах;

4. Ажил-амьдралын тэнцвэрийг хангах бодлогыг манай улсад хэрхэн хэрэгжүүлэх арга хэлбэрийг судлах, турших, загварчлан түгээх ажлыг ХНХЯ, МҮЭХ, Хараат бус судалгааны хүрээлэн болон Ажлын албанд үүрэг болгох;

5. Ажлын байран дахь хүчирхийлэл тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамдаа тусгадаг байх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж ажиллахыг ХНХЯ-д даалгах;

6. Төрийн албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрийн асуудлаар төр-төрийн бус, иргэний нийгэм-хувийн хэвшил-олон улсын түншлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Хорооны гишүүд анхаарах зэрэг 6 асуудлаар тодорхой чиглэлийг өгч, энэ талаарх Хорооны тогтоолыг батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын албанд даалгалаа.