УЛС ТӨРИЙН НАМУУДЫН МАНЛАЙЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Жендэрийн үндэсний хорооноос улс төрийн намуудын манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх чадавх бэхжүүлэх онлайн сургалтыг 2020 оны 4 дүгээр сарын 3,6,7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус онлайн сургалтад улс төрийн 15 намын нийт 52 эмэгтэй төлөөллүүд оролцсон. Сургалтаар жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, жендэрийн статистик мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээрх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бодлогын түвшинд анхаарах асуудлууд, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих эрх зүйн орчинг сайжруулах хэрэгцээ шаардлага, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах, төрөөс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг улс төрийн намын эмэгтэй төлөөллүүдэд хүргэлээ.

Сургалтын явцад оролцогчдоос улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа, цаашид шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн чадавхыг нэмэгдүүлэх талаар танхимын сургалтыг зохион байгуулах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог нэмэгдүүлэхийн тулд улс төрийн намууд намын эмэгтэй гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, залуу манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх сургалтын байнгын тогтолцоог бүрдүүлж ажиллах, дагалдуулан сургах хөтөлбөр, арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар саналуудыг гаргасан.