"ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦООТОЙГООР ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ" ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банк хамтран Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020-2021 онд хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" техникийн туслалцааны төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулагдлаа.

Төслийн удирдах хороог Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга ахалж, бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, “Хөгжлийн замнал сан” ТББ болон Монголын Хэвлэлийн Хүрээлэн зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсад улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангах, улмаар нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангах үйлсэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Төслийн үр дүнд үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх бөгөөд дараах 3 чиглэлээр хэрэгжилтийг хангахаар төлөвлөж байна.

Үүнд:
1) Жендэрийн асуудлыг үйл ажиллагаандаа үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажилтнуудын ойлголт, мэдлэгийг сайжруулах;

2) Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн ТББ-д үнэлэхэд дэмжлэг үзүүлэх;

3) Жендэрийн талаар мэдлэг олгох бүтээгдэхүүн түгээгдэн, олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах зэрэг болно.