Монгол Улсын Ерөнхий сайдын 37 дугаар захирамжаар байгуулагдсан Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүүг бууруулах талаар авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн анхдугаар цахим хурал боллоо.

Жендэрийн үндэсний хороо нь Үндэсний статистикийн хороотой хамтран 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар зохион байгуулж явуулсан байдаг.

Энэхүү суурь судалгаанд суурилж эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүүг бууруулах хэрэгцээ шаардлагын улмаас салбар дундын богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах Монгол Улсын Ерөнхий сайдын 37 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайдын Жендэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, БХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЦЕГ болон МСНЭ, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагын холбогдох албаныхан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн анхдугаар цахим хурлаар суурь судалгааны үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх богино хугацааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, холбогдох байгууллагуудын саналыг авч хэлэлцэв.

Монгол Улсын хувьд дундаж наслалт 1992 оноос 2018 онд 70,2 болж 26 жилийн хугацаанд 7,4 жилээр нэмэгдсэн бол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 26 жилийн хугацаанд 60,7-оос 66,1 болж 5,4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64,9- өөс 75,8 болж 10,9 жилээр нэмэгдсэн байна. Дундаж наслалт 1992 онд 4,19 жилийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4,19 жилээр урт насалж байсан бол 2018 онд уг зөрүү 9,67 болж өссөн байна.

Нас баралтын хэлбэрийн хувьд өвчлөл хамгийн их буюу 83 хувь, бусад хэлбэр 17 хувийг эзэлж байна. Бусад хэлбэр дотор осол, амиа хорлолт, үйлдвэрлэлийн осол зэрэг орж байгаа юм. Дундаж наслалтын зөрүү нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байна. Монгол Улсын хэмжээнд дундаж наслалтын зөрүүг бууруулах чиглэлээр тодорхой бодлого, үйл ажиллагаа байхгүй байна.

Дундаж насжилтын зөрүүг бууруулах богино хугацааны төлөвлөгөөний төсөлд санал авахаар Төрийн захиргааны төв байгууллага болон Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-аас санал авч энэ оны II улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна.