Жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар нийслэл, нийслэлийн 9 дүүргийн эрэгтэй албан хаагчдыг чадавхжуулах онлайн сургалт болж өндөрлөлөө.

Жендэрийн үндэсний хороо нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар” нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 120 эрэгтэй төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улс төдийгүй олон улсад бий болоод байгаа шинэ короновирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан танхимын сургалтыг онлайн хэлбэрээр анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд сургалт нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэв.

Тус сургалтаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлого, арга хэмжээ” болон “Жендэрийн үндсэн ойлголтууд жендэрийн тэгш бус байдал”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын сайн туршлага”, “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” суурь судалгааны үр дүн, “Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, стрессийг даван туулах эерэг арга замууд” гэсэн сэдвээр онол практикийг хослуулж явууллаа.

Энэхүү онлайн сургалтад Нийслэл, Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЗДТГазрын болон харъяа дүүргүүдийн 120 эрэгтэй албан хаагчдыг бүрэн идэвхтэй хамруулсан байна.

Мөн уг сургалт нь “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” дэд хөтөлбөрийг баталсантай зэрэгцэн зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа. Тус дэд хөтөлбөрт эрэгтэйчүүдэд чиглэгдсэн тодорхой хэдэн үйл ажиллагааг тухайлбал есөн дүүрэгт эрэгтэйчүүдийн кабинеттай болох мөн энэхүү кабинетаар дамжуулан эрчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх мөн сэтгэл зүйн эмчилгээ хийх зэрэг зорилтуудыг тавьсан талаар товч мэдээллийг танилцуулсан билээ.

Өнөөдөр Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд хүн амын эрүүл мэндийн асуудал болсон бөгөөд нийт нас баралтын 83% нь өвчлөлөөс шалтгаалдаг бол үлдсэн 17% нь бусад хүчин зүйлс нь зам тээвэр, амиа хорлолт, архидан согтууралтаас үүдэлтэй гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол зэрэг орж байна.

Нийслэлд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад 8,2 насны зөрүү өндөр байна. Иймд Ажлын албанаас энэхүү сургалтаараа дамжуулж эрэгтэйчүүдийн зүгээс эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг бий болгох шаардлагатай байгааг эрэгтэй төрийн албан хаагчдад онцлон дурдсан билээ.

Тус сургалтад жендэрийн талаарх ойлголтын зөрүүтэй эрэгтэй албан хаагчид хамрагдсан бөгөөд 87,5% анх удаа жендэрийн талаар сургалтад хамрагдаж байна гэж хариулсан.

Эдгээр оролцогчдод жендэрийн талаарх суурь мэдээллийг өгсөн ер нь жендэр гэдэг нь эрэгтэй, эмэгтэй тэгш эрхийн асуудал төдийгүй энэ нь хөгжлийн асуудал нийгмийн хөгжил дэвшилд тэгш оролцож, жендэрийн эрх тэгш байдлыг хангах гэдэг нь хүйсээс үл хамаарсан хүн бүрийн тэгш эрхийг хангах тухай асуудал гэдгийг ойлголтыг сургалтаараа дамжуулан өгч ажиллаа.