“Жендэрийн дүн шинжилгээ” сургагч багшийн сургалтын модуль турших цахим сургалт зохион байгуулагдаж дууслаа.

Төрийн албан хаагчдад байгууллагын бодлого, үйл ажиллагаа, шийдвэрт жендэрийн дүн шинжилгээ хийх үр дүнг жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, төлөвлөхөд ашиглах мэдлэг, чадвар дадал олгох зорилго бүхий “Жендэрийн дүн шинжилгээ” сэдэвт сургагч багшийн сургалтын модулийг турших сургалтыг 2020 оны 4 дүгээр сарын 10-наас 30-ны өдрүүдэд нийт 6 удаа зохион байгууллаа.

Тус туршилтын сургалтад төрийн захиргааны төв түүний харъяа байгууллагууд болон нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны сургалтын модулиар бэлтгэгдсэн нийт 80 жендэрийн мэргэжилтэн хамрагдаад байна.

Цаг үеийн нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан туршилтын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд оролцогчид ажлын байрнаасаа сургалтад хамрагдаж, цаг хугацаа, зардал хэмнэсэн нь сургалтын арга хэлбэрийн хувьд онцлог байлаа.

“Жендэрийн дүн шинжилгээ” сургагч багшийн модулийг Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Онон, жендэрийн зөвлөх Т.Амгалан нар боловсруулж, Ажлын албанаас хянан тохиолдуулан ажиллаж байна.