ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭРХ 6 АЙМГИЙН САЙН ТУРШЛАГЫГ САЙЖРУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ХОЛБОГДОХ ЯАМД, ГАЗРУУДТАЙ ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАВ.

Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад үндэсний чадавхыг төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт ЖЭТБХ чиглэлээрх сайн туршлагыг бий болгохоор санаачлан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Архангай аймагт “Ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангасан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх”, Баянхонгор аймагт “Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах төр, ИНБ-ын хамтын ажиллагаа”, Орхон аймагт эрэгтэйчүүдийн тасаг кабинетыг байгуулж, түүний үйл ажиллагааг тогтвортойгоор дэмжих”, Сэлэнгэ аймагт жендэр статистикийг хөгжүүлэх зорилгоор тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хүртэж буй эрэгтэй эмэгтэй хүмүүс, тэдгээрийн оролцоог бодлого төлөвлөлтөд хэрхэн ашиглах талаарх эмхтгэл боловсруулж олон нийтэд хүргэх, Төв аймагт “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог дэмжсэн ойн нөхөрлөлийг хөгжүүлэх”, Увс аймагт “Малчин өрхийн хүүхдэд бага насны бага боловсрол олгох бодлогын хэрэгжилтийг жендэрийн арга зүйгээр дэмжих” зэрэг ажлыг тус тус туршин хэрэгжүүлж байна.

Дээрх 6 аймагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүнг Хорооны 2020 оны ээлжит хуралдаанаар танилцуулан хэлэлцүүлж, хуралдаанаас цаашид сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэхүйц сайжруулан хэрэгжүүлэх тухай тогтоолыг баталсан.

Түүнчлэн 6 аймгийн сайн туршлагыг сайжруулан хэрэгжүүлэхэд салбарын хүрээнд бодлогын түвшинд мэргэжил, арга зүйн дэмжлэг авах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр БСШУЯ, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүйн дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуучлалын яамдуудын холбогдох албан тушаалтнуудтай тус тус зөвшилцөх уулзалтуудыг зохион байгууллаа.

Уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй 6 аймгийн сайн туршлагыг сайжруулан хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд холбогдох асуудлын хүрээнд арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлэв.