МОНГОЛ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас жендэрийн асуудлаарх төсөл, хөтөлбөрийн нэгдмэл байдлыг хангах, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улс дахь олон улсын хөгжлийн түншлэгчдийн цахим уулзалтыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгууллаа.
Уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн асуудал эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаа, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа нар нээж, Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр уулзалтыг удирдан явуулав.
Уулзалтаар “Жендэрийн үндэсний хорооны 2020 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх голлох үйл ажиллагаа” тайлан мэдээллийг тус хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, “Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны үр дүнг Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар тус тус танилцууллаа.
Түүнчлэн Ажлын албанаас улирал тутамд зохион байгуулах тус уулзалтаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон судалгааны ажлын үр дүнгийн мөрөөр хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл, санал солилцсон юм.