ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР БОГИНО ХУГАЦААНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6-д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” хийхээр тусгасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамж, Хорооны Ажлын албаны даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн A/38 дугаар тушаалаар суурь судалгаа хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг тус тус байгуулж энэхүү судалгааг 2019 оны сүүлийн хагас жилд Үндэсний статистикийн хороотой хамтран гүйцэтгэсэн.
Түүнчлэн Хорооны 2020 оны ээлжит хуралдаанд тус судалгааг танилцуулсан бөгөөд судалгаанд суурилсан арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар захирамжаар дээрх үүрэг даавгаврыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.
Монгол Улс төдийгүй олон улсад бий болоод байгаа шинэ короновирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан 6 удаагийн уулзалт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, ажлын хэсгийн гишүүд болон 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргүүдэд цахимаар танилцуулж саналыг бүрэн тусгасан болно.
Богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний гол зорилго нь “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд хамгийн ихээр сөргөөр нөлөөлж буй өвчлөлийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулах, эрүүл аж төрөх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж дадал, хандлагыг өөрчлөх замаар эрэгтэйчүүдийн наслалтыг нэмэгдүүлэх”-д оршиж байгаа юм. Уг арга хэмжээний төлөвлөгөө нь 4 зорилт, 25 үйл ажиллагаатай бөгөөд 2020-2022 он хүртэл хэрэгжүүлэх юм.