Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Ажлын албаны Тогтвортой Хөгжлийн Бодлогын хэлтсийн мэргэжилтэн Баянжаргал овогтой Наранцацралын төрийн захиргааны албан хаагчийн Тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Ажлын алба нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 111, 2020 оны 80, Монгол Улсын Ерөнхий сайдын 57 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд бие даан ажиллах болсноос хойш анх удаа Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулж байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу Ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн даргад Сүхбаатарын Батцэцэг, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэнд Очирхүүгийн Буянаа, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэнд Доржготовын Энхжаргал, Жендэрийн статистик, судалгаа, инновац хариуцсан ахлах мэргэжилтэнд Хишгээгийн Цэнджав нарыг шатлан дэвшүүлэн томилж, тушаалыг гардууллаа.

Тус арга хэмжээнд урилгаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа нар оролцож, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн болон шатлан дэвшиж буй албан хаагчдад ажлын амжилт хүслээ.