Засгийн газрын тухай хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд “жендэрийн хөгжлийн асуудал” хамаарахаар боллоо.

Монгол Улсын Их Хурал Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан билээ. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаарна”, 17.2-д “Монгол Улсын Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог тэргүүлж, түүний үйл ажиллагааг удирдлагаар хангана” хэмээн тус тус заасан.
Энэ хүрээнд Засгийн газрын 2011 оны 323 дугаар тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог баталж, Ажлын алба нь Монгол Улсын Ерөнхий сайдын шууд харъяанд бие даасан бүтэцтэй ажиллаж эхэлсэн билээ.
"Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын /хуучнаар/ сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэн орон тоог 2 дахин бууруулж, Засгийн газрын тухай хуулиар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендэрийн хөгжлийн асуудлыг хамааруулж өөрчилсөн.
Дээрх бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын хөгжлийн бодлогын стратегид дэвшүүлсэн зорилт болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2018 оны 110, 111, 285 дугаар тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны Ажлын албыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцээс гаргаж Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж орон тоог нэмэгдүүлсэн.
Хэдийгээр Хорооны ажлын алба нь 2019 оны 1 сараас эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын шууд харъяанд бие даасан бүтэцтэй ажиллаж байгаа боловч Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Засгийн газрын тухай хуулийн зөрчилтэй заалт хэвээр байсан бөгөөд энэ удаагийн ээлжит бус чуулганаар батлагдсан 2020 оны төсвийн тодотголтой хамтатган дээрх асуудал нэг мөр шийдэгдлээ.
Жендэрийн тэгш байдлыг хангах асуудал нь дэлхий нийтийн өмнө хүлээн зөвшөөрөөд буй тогтвортой хөгжилд хүрэх арга зам бөгөөд энэхүү асуудлыг ойлгон дэмжиж манлайлж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, жендэрийн асуудал нь тухайн нэг салбарын хүрээнд бус улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын бүхий л харилцаанд хамаардаг хөгжлийн арга зүй болохыг тодотгон дэмжсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танд Хорооны ажлын албаны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.