СЭЛЭНГЭ АЙМГИЙН 160 ТӨРИЙН АЛБАН ХААГЧ “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ТӨСӨВЛӨЛТ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй техникийн туслалцааны төслийн (2020-2021) хүрээнд Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдад зориулсан “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт” сэдэвт сургалт 2020 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Сүхбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уг сургалтад аймгийн Засаг даргын тамгын газрын удирдлага, холбогдох агентлагийн мэргэжилтнүүд зэрэг нийт 160 албан хаагч хамрагдаж байна.
Монгол Улс 2011 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг дэмжих үндэсний хоёр ч хөтөлбөрийг (2002-2015), (2017-2021) хэрэгжүүлж жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг төрийн бодлого, шийдвэрт үр дүнтэй тусгах замаар нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахаар эрчимтэй ажиллаж байна. Үүний үр дүнд ЖЭТБ-г хангах чадавх үндэсний хэмжээнд бэхжиж, 21 аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр, 9 салбарын жендэрийн талаар баримтлах бодлого батлан хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Монгол Улсын ажиллах хүчний 53.9% буюу талаас илүү хувь нь хамарч буй ХХААХҮ-ийн салбар нь Жендэрийн талаар баримтлах бодлого (2018-2025)-ыг боловсруулж баталсан. Салбарын хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг нэвтрүүлснээр салбарт ажиллагсдын ажлын орчин нөхцөл, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээ ба хүний нөөцийн тэнцвэртэй, тогтвортой байдал дээшлэх юм. Мөн бүтээгдэхүүн үйлчилгээний үр өгөөж сайжирч, төр хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, айл өрх бүрийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах боломж, оролцоо, чадавх сайжрах ач холбогдолтой юм.
Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж буй сургалт нь тус аймгаас 2017 онд баталсан жендэрийн дэд хөтөлбөр, ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлого хэрэгжилтийг хангахад томоохон дэмжлэг болж буй бөгөөд төрийн байгууллагын удирдах албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлснээр төрийн байгууллагуудын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээний тогтолцоо бэхжиж, үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцад томоохон түлхэц болох юм.