САНГИЙН ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Сангийн яамны жендэрийн салбар зөвлөлтэй 10 дугаар сарын 13-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Н.Энхцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн болон жендэрийн үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг уулзалтад оролцлоо.
Тус уулзалтад Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
3. ЖЭТБХтХууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд СЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтад бүрэн хамруулах;
4. Сангийн яамны салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
5. ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харьяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
6. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна Сангийн яамны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;
7. Сангийн яамны төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратегийн хүрээнд Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БШУЯамдад үе шаттайгаар туршин нэвтрүүлэх зорилгоор Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж, холбогдох салбарын төсвийн төлөвлөлтөд туршин нэвтрүүлэх” чиг үүрэг бүхий техникийн ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэ хүрээнд Сангийн яам энэхүү туршилтын ажлыг манлайлан ажиллахад анхаарахыг зөвлөлөө.