ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Эрчим хүчний яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Н.Энхцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Ц.Ууганбаяр, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн нар уулзалтад оролцлоо.
Тус уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
•Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
•2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
•ЖЭТБХтХууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд ЭХЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтад бүрэн хамруулах;
•Эрчим хүчний яамны салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
•ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харьяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
•“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна ЭХЯ яамны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах талаар зөвлөмжүүдийг өглөө.
Мөн энэхүү уулзалтаар ЭХЯ-ны Жендэрийн салбар зөвлөлийн 2019-2020 оны төлөвлөгөөгөө Ажлын хэсэгт танилцуулж цаашид тус яам нь “Жендэрийн мэдрэмжтэй төсвийн арга барилыг эрчим хүчний салбарын төсвийг боловсруулах, батлах явцад нэвтрүүлэх нэгдсэн удирдамж гарган сурталчлах”, “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэхэд шаардагдах судалгааг хийж, арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах”-аар төлөвлөжээ.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийн хүрээнд Эрчим хүчний салбарын жендэрийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд Монгол Улсын эрчим хүчний жендэрийн аудитыг ОУХБ-ын баталсан Жендэрийн үнэлгээний аргачлалын дагуу хийж гүйцэтгэн, салбарын хэмжээнд жендэрийн нөхцөл байдал, салбарын эмэгтэй болон эрэгтэй ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн оролцоо, мэргэжлийн манлайлал зэрэг холбогдох судалгаануудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.