ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Гадаад харилцааны яамны жендэрийн салбар зөвлөлийн уулзалтыг зохион байгууллаа.
Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Н.Энхцэцэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн нар оролцлоо.
Тус уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
3. ЖЭТБХтХууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд ГХЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтад бүрэн хамруулах;
4. ГХЯ-ны салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
5. ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харьяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
6. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна ГХЯ яамны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах талаар зөвлөмжүүдийг өглөө.
7. ТЖАХ-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон өөрийн харьяалах агентлагийн дарга нартайгаа байгуулахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар холбогдох ажлуудыг тусгуулж батлуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Тус яам нь оролцоонд суурилсан дипломат албаны жендэрийн үнэлгээг хийж үнэлгээнд суурилсан Гадаад харилцааны салбарын Жендэрийн баримтлах бодлогыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/41 тоот тушаалаар ГХЯ-ны сайдаар батлуулжээ. Тус яамны ТНБДарга Н.Анхбаяр тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 272 дугаар тогтоолоор “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг батлуулсан бөгөөд тус дүрэмд “Жендэрийн болон бусад бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үүсгэхээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн үйлдлээс ангид байх” хэм хэмжээг тусгасан талаар ажлын хэсэгт онцлон танилцуулсан бөгөөд цаашид салбарын Жендэрийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж ажиллахад анхаарч ажиллахаа хэллээ.