ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны жендэрийн салбар зөвлөлтэй 10 дугаар сарын 20-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын референт Ю.Оюунжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн нарын хамтарсан ажлын хэсэг оролцлоо.
Тус уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
•Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
•2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
•ЖЭТБХтХууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд ЗТХЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтад бүрэн хамруулах;
•ЗТХЯ-ны салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
•ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харьяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
•“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна ЗТХЯ-ны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;
•ТЖАХ-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон өөрийн харьяалах агентлагийн дарга нартайгаа байгуулахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар холбогдох ажлуудыг тусгуулж батлуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга С.Батболд салбарын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Зам, тээврийн салбарын жендэрийн бодлого”-ыг боловсруулах ажлын хэсгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 сайдын тушаалаар баталж тус ажлын хэсэг нь энэ ондоо багтааж салбарын бодлогоо боловсруулахаар ажиллаж байна. Мөн түүнчлэн Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/188 тоот албан бичигт дурдсаны дагуу“Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-д яамны удирдах 15 албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах 15 албан хаагчийг тус цахим сургалтад хамруулсан. Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, зохион байгуулах талаарх заалтыг Зам, тээврийн хөгжлийн яамны “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгаж Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 275 дугаар тушаалаар батлуулж ажилласан талаар танилцууллаа. Цаашид ЗТХЯ-ны жендэрийн салбар зөвлөл нь салбарын жендэрийн баримтлах бодлогыг баталж, хэрэгжилтийг хангахаас гадна тус яамны салбарын бодлого, төлөвлөлтөд жендэрийн мэдрэмжтэй эсэхэд үнэлгээ хийж, салбарын харьяа байгууллагуудад салбарын жендэрийн бодлогыг танилцуулах, мэдээлэх, сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх арга хэмжээг авч ажиллахаа хэллээ.