БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

ЖЭТБХтХууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцах, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор Батлан хамгаалах яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Тус яамны жендэрийн салбар зөвлөлтэй уулзах уулзалтад Хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын референт Ю.Оюунжаргал, Хүний эрхийн Үндэсний Комиссын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Б.Мөнх-Эрдэнэ, ҮСХорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Т.Оюунсүрэн нарын хамтарсан ажлын хэсэг оролцлоо.
Тус уулзалтаар Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Жендэрийн салбар зөвлөлд холбогдох дараах асуудлаар зөвлөмж өгч ажиллаа. Үүнд:
1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллана;
2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлж ажиллах учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;
3. ЖЭТБХтХууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Төрийн албаны удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын модулийг Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвшилцөн боловсруулсан бөгөөд БХЯ-ны нийт удирдах албан тушаалтан болон харьяа агентлагийн удирдах ажилтнуудыг тус сургалтад хамруулах мөн түүнчлэн салбарын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй тул удирдах түвшинд жендэрийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх үүднээс цаашид зохион байгуулагдах сургалтад бүрэн хамруулах;
4. БХЯам нь төрийн тусгай алба хэдий ч салбарын хүйсээр ангилсан статистикийг хүртээмжтэй болгох;
5. ЖЭТБХтХуулийн 11.4-т заасны дагуу Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан боловсруулж буй “Ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд баримтлах жишиг зааварчилгааг” тус яамны түүний нийт харьяа агентлагууд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмандаа тусгаж ажиллах;
6. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч ажиллахаас гадна БХЯ-ны салбарын хүрээнд “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;
7. ТЖАХ-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгууллагын болон өөрийн харьяалах агентлагийн дарга нартайгаа байгуулахдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах талаар холбогдох ажлуудыг тусгуулж батлуулах талаар анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, жендэрийн салбар зөвлөлийн орлогч дарга, хурандаа С.Ганбямба нар салбарын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.
Тухайлбал тус яам нь Салбарын бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхдээ 2 үе шаттайгаар 2019-2024 он хүртэл 24 үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд 10 шалгуур үзүүлэлтийг хангахаар бодлогын баримт бичигт тусгажээ. 2019-2022 онд Батлан хамгаалах салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чадавхыг бүрдүүлэх, 2023-2024 онд эхний шатны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид боловсронгуй болгож ажиллахаар төлөвлөсөн байна. Батлан хамгаалах яаманд 76 хувь нь эрэгтэй, 24 хувь нь эмэгтэй албан хаагчид ажилладаг онцлог салбар юм. Эрэгтэйчүүд давамгайлж ажилладаг салбар учраас эрэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг, кабинетыг Цэргийн төв эмнэлэгт нээж ажиллуулахаас гадна эрэгтэйчүүдийн эмчийн орон тоог нэмж батлуулсан байна. Мөн салбарын хүрээнд олон хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй эхнэр (нөхөр), байнгын асаргаатай хүүхэд, өндөр настай эцэг, эхээ асардаг, бага орлоготой, өрх толгойлсон цэргийн алба хаагч, ажилтны талаар дэлгэрэнгүй судалгааг авч нэгтгэж байгаа талаар мөн тус яамны нийт удирдах бүрэлдэхүүн, харьяа байгууллага, аж ахуй нэгжийн захирал, дарга нарыг жендэрийн цахим сургалтад хамруулж ажилласнаа Ажлын хэсэгт танилцууллаа. Батлан хамгаалах яам нь 2019 онд Жендэрийн үндэсний хорооны шилдэг салбар зөвлөлөөр шалгарч байсан түүхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6-д тусгагдсаны дагуу 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааны хоёрдугаар үе шатны “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” түүвэр, чанарын судалгаанд Батлан хамгаалах яам, аймаг, нийслэл, дүүргийн цэргийн хэлтсийнхэн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байдаг.