ХЗДХЯ, ХНХЯ, БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ БОЛОН 21АЙМАГ, НИЙСЛЭЛ, 9 ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН БОЛОН ГЭР БҮЛ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ОНЛАЙН ХУРАЛ БОЛЛОО.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэдэг. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх нэмэгдүүлэх зорилготой энэхүү аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь чиг үүргийнхээ хүрээнд манлайлан оролцож, үндэсний хэмжээнд салбар дундын оролцоог хангаж, энэ жил дэлхий нийтээрээ “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэж байна.
Ковид-19 цар тахлын хөл хорионы үед “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”ыг орон нутгийн түвшинд хэрхэн зохион байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулж ажиллах талаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХЗДХЯ, ХНХЯ, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарын хамтарсан хурлыг Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба амжилттай зохион байгууллаа.
Онлайн хурлаар Ковид-19 цар тахлын хөл хорионы үед тус аяныг орон нутгийн хэмжээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт зөвлөмж, чиглэлийг хүргүүлэв.