ТӨР, ТӨРИЙН БУС, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны хүрээнд Булган, Баянхонгор, Дорнод, Ховд, Өмнөговь зэрэг таван аймагт орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийх, түүнчлэн олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор хэрэгжүүлж буй олон нийтийн мэдээлэл харилцааны аяны үйл ажиллагааны явц, үр дүн, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар төр, төрийн бус, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон санал солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.
Цахим уулзалтад Жендэрийн үндэсний хорооны (ЖҮХ)-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн Хөгжлийн Банкны (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ахлах ажилтан Б.Цолмон, таван аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн газрын дарга, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлж буй орон нутгийн иргэний нийгмийн байгууллага ИНБ-уудын төлөөллүүд оролцлоо.
Уулзалтаар ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр нээлтийн үгэндээ: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бэхжүүлэх, хамгаалах, түүний хэрэгжилтэд хяналт тавихад ИНБ-уудын оролцоог хангах, олон нийтэд жендэрийн талаар таниулан сурталчлахад чадавхжуулах зорилгоор хэрэгжүүлж байгаагаараа энэ төсөл ач холбогдолтой. ИНБ-ууд цар тахлын энэ хүнд цаг үед ч төлөвлөсөн ажлаа саадгүй явуулж байгаад талархаж байгаагаа дурдлаа.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ахлах ажилтан Б.Цолмон “Азийн Хөгжлийн Банкны стратегийн үйл ажиллагааны долоон тэргүүлэх чиглэлийн нэг нь жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ИНБ-уудын үүрэг оролцоо их. Энэ удаагийн төсөл нь өргөн цар хүрээг хамарч, бодитой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Дээрх таван аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар орон нутгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийх, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах ИНБ-уудад шаардлагатай мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид ч дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.