НИЙСЛЭЛ, НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд жендэрийн мэдээлэл хүртээмжтэй байх, хүйсээр ангилсан албан ёсны статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах, хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэх, түүний дүнг хэрэглэгч болон олон нийтэд хүргэж ажиллахыг заасан байдаг.
Энэ хүрээнд ЖЭТБХангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хянах, үнэлэх зорилгоор тус хуулийн 19.1.8, 19.1.9-д заасан тайланг хүлээн авах “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлан, мэдээ болон Аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ (А-ХТБ)”-ний маягт, түүнийг нөхөх зааврыг боловсруулж, Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 тоот тушаалаар батлуулсан.
Түүнчлэн Хорооны ажлын алба нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 2 дугаар зорилтын хүрээнд Үндэсний статистикийн хороотой хамтран дээрх захиргааны нэгдсэн маягтын дагуу жендэрийн статистик програм хангамжийг үүсгэн, нэвтрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.
Тус програм хангамжийг ашиглан тайлан мэдээгээ боловсруулах, мэдээлэх, нэгтгэн тайлагнах талаар онлайн сургалтыг нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон холбогдох ажилтан, албан хаагчдад зохион байгуулж байна.
Ингэснээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг тайлагнах, статистик мэдээллийн урсгалыг албажуулах, тогтсон мэдээллийн сантай болж, хууль, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, үр нөлөөг үнэлэх боломж бүрдэж байгаа юм.