ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХОХИРОГЧДЫГ ХАМГААЛАХ БАЙР, НЦҮТ-Д ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхий даяар Ковид-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед жендэрт суурилсан хүчирхийлэл  нэмэгдэж байгаа нь ихэнх улс орнуудын статистик үзүүлэлт харуулсаар байна. Хүчирхийллийг дагаад хохирогчдод үйлчилгээ үзүүлж буй хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн ачаалал нэмэгдэж, Ковидоос үүдэлтэй нэмэлт зардлууд үүсэж, өөрсдөө хангах боломжгүй санхүүгийн хүндрэл тулгарсаар байна. 

Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын хэрэгсэл нэн шаардлагатай байгаа энэ үед Жендэрийн үндэсний хорооны санаачилгаар Азийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байр, Нийслэлийн цагдаагийн газрын Хамгаалах байр, “Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэг цэгийн үйлчилгээний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Нэг цэгийн үйлчилгээний төв, Баянзүрх дүүргийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг 2 хамгаалах байр, 3 Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнууд болон үйлчлүүлж байгаа хүмүүст зориулан нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий “ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЭХ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ”-ийн тусламж үзүүллээ. Энэ хүрээнд ердийн амны хаалт /маск/, N95 амны хаалт, хамгаалах хувцас, эмнэлгийн 1 удаагийн бээлий, гар ариутгагч санитол, гарын шингэн саван, халуун хэмжигч зэрэг болно.