МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАСАН ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т заасан "хүйсээр үл ялгаварлах" зарчмыг шинэ түвшинд тайлбарласан жишиг болохуйц түүхэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалт, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж 01 дүгээр дүгнэлт гаргасан байна.

Тухайлбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үзлээ.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдаж тус хуулинд Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг зааж хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын эрх тэгш оролцоо, ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдал болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт, гэр бүлийн гишүүний эрхийг хүйсийн шинжээр хязгаарлаж үл болох нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох эрхэд саад учруулахыг хориглосон байдаг.

Дээрх зохицуулалт нь дам байдлаар хүүхэд асрах харилцаанд эхэд илүү үүрэг хүлээлгэж, эцэг, эх харилцан тэгш эрхтэйгээр чөлөөт сонголт хийх боломжийг хязгаарлаж гэр бүлийн харилцаанд үүссэн тэгш бус байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх дүгнэлтийг гаргалаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд “жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлого”-д төрийн хариуцлагын болон жендэрийн мэдрэмжтэй бодлогын зарчим байдаг бөгөөд энэ нь төр эрэгтэй, эмэгтэй хүний эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжоор ногдуулсан үүргээ биелүүлэх, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх үүрэгтэйг тодорхой заасны дагуу Үндсэн хуулийн цэц нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчим, бодлоготой нийцүүлсэн шийдвэрийг гаргалаа.