ДОРНОД АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Жендэрийн Үндэсний Хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэг зарласан.
Тус тэтгэлэгт Дорнод аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”, “ЛЭОС”, “Ажил олгогч эздийн холбоо”, “Зорилготой амьдрал”, “Талын сувдан гүүр”, “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал-2020” клуб, “Нүүдлийн номын сан сургалтын төв”, “Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл” зэрэг нийт найман ИНБ-ын нэгдсэн баг шалгарч орон нутгийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дээрх ИНБ-уудын хамтарсан баг нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд ОХШҮ хийж, түүний үр дүнд тулгуурлан цаашид жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах бодлогын зөвлөмжийг орон нутгийн удирдлагууд болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөллүүдэд танилцуулсан байна.
Орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдснээр иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийг чадавхжуулах, төр, иргэний нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг хэрэгжүүлэгч талууд онцолсон байна.
Дорнод аймгийн ЖЭТБХ дэд хөтөлбөр 2018 онд батлагдаж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, соёл, эдийн засгийн харилцаан дахь тэгш оролцоог хангах, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бий болгох гэсэн гурван зорилтын хүрээнд 15 үйл ажиллагаанаас 12 үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж 80 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн дүн хөндлөнгийн үнэлгээгээр гарчээ.
Дээрх хөтөлбөрийн Зорилт 3-ийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтыг жил бүр зохион байгуулж нийтдээ 98 сургагч багш бэлтгэж, 3250 сурагч, 3226 хүн жендэрийн эрх тэгш байдлын талаарх мэдлэг ойлголттой болсон байна. Мөн Хүүхэд залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилготой “Аз жаргал” төвийг аймаг, орон нутгийн төсвөөр шинээр байгуулж, 2017-2018 онд өсвөр насны 4500 гаруй хүүхэд, 2019 - 2020 онд 6320 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, аймгийн өсвөр насны нийт хүүхдийн 55,4 хувьд нь хүрч ажиллажээ. Мөн Дорнод аймгийн ЗДТГ-аас Канадын Мерит төсөлтэй хамтран ахисан түвшний сургалтуудыг зохион байгуулж 28 бичил төсөл бичиж зөвлөх багтай хамтран ажилласан байна. Түүнчлэн ЖЭТБХТХ-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу төрийн байгууллагууд дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх заалтыг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан ч бүрэн хэрэгжээгүй хувийн хэвшлийн байгууллагын удирдах ажилтан болон ажиллагсдад жендэрийн асуудлаар сургалт мэдээллийн ажиллагаа зохион байгуулах, байгууллагын дотоод журам, бодлогын бичиг баримтуудыг жендэрийн агуулгатай болгох, жендэрийн аудитыг хийж эхлэх, байгууллагын жендэрийн тулгамдсан асуудлаар үнэлгээ, судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатайг бодлогын зөвлөмждөө тусгасан байна.
Түүнчлэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Эрэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж”-ийг сайжруулах чиглэлд Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн онцлог асуудлаар судалгаа хийх, эрэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, сэтгэл заслын зөвлөгөө өгөх болон андрологийн тусламж үзүүлэх эмч мэргэжилтнийг БОЭТ болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд бэлтгэх, чадавхжуулах, төрийн болон ИНБ-уудын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах зэрэг бусад зөвлөмжүүдийг боловсруулсан.
Мөн төслийн хүрээнд зохион байгуулсан зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийн ажиллагаанд оролцогчид болон төслийн багийн гишүүдээс гаргасан санал санаачлагад үндэслэн боловсруулсан Дорнод аймгийн “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг төрийн байгууллагаас дэмжиж, 2021 оны 01-р сарын 13-ны өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж шийдвэрлэсэн байна.
Цаашид Дорнод аймгийн ЖЭТБ-ыг хангах дэд хөтөлбөрийн удирдлага зохион байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний ажлын хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөмжид:
1. Төрийн байгууллагын салбар, нэгжүүдэд жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг ажиллуулах, ажил үүргийн тэнцвэрт байдлыг хангуулах талаар зөвлөмж, зааварчилгаа өгөх,
2. Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд салбарын жендэрийн нэгдсэн бодлогыг үндэсний болон орон нутгийн дэд хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулж төлөвлөх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих,
3. Орон нутгийн төрийн байгууллагын бодлого боловсруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тайлан мэдээ гаргах, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийг жендэрийн асуудлаар чадавхжуулах,
4. Орон нутгийн салбар, нэгжүүд өөрсдийн гаргаж буй хүйсээр ангилсан статистик мэдээллийн нэр төрлийг нэмэгдүүлэхэд тусгайлсан төлөвлөгөө, төсвийг гаргаж ажиллах зэрэг зөвлөмжүүдийг боловсруулан аймгийн шийдвэр гаргагч нарт хүргүүллээ.