ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛЛАА

Жендэрийн Үндэсний Хорооноос Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэг зарласан.
Тэтгэлэгт тус аймгийн “Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар”, “Саран ээж нийгэмлэг”, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд”, “Тунамал Сэлэнгэ”, “Говийн хөгжлийн түшиг” зэрэг нийт таван ИНБ-ын хамтарсан баг шалгарч орон нутгийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дээрх ИНБ-уудын хамтарсан баг нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд ОХШҮ хийж, түүний үр дүнд тулгуурлан цаашид жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах бодлогын зөвлөмжийг орон нутгийн удирдлагууд болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөллүүдэд танилцууллаа.
Орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдснээр иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийг чадавхжуулах, төр, иргэний нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг хэрэгжүүлэгч талууд онцолсон байна.
Өмнөговь аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр 2018 онд батлагдаж орон нутагт жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг боловсруулах, мэргэжилтэн боловсон хүчнийг чадавхжуулж бэлтгэх, иргэд, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гэсэн 4 зорилтын хүрээнд 34 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлснээс 21 нь бодит ажил болж 61,8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэнээс гадна төлөвлөгдөөгүй 5 ажил нэмэлтээр хийгдсэн дүн хөндлөнгийн үнэлгээгээр гарчээ.
Орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулсан нь үр дүнчухал ач холбогдолтой ,түүнчлэн эрэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тасаг кабинетийг байгуулж, эрэгтэйчүүдийн эмчийг сургалтанд хамруулж мэргэшүүлсэн нь төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог хэрэгцээнд зориулсан нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр хүртэх боломжийг бий болгосон нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулсан талаар ОХШҮийн үр дүнд онцолсон байна.
Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим төлөвлөсөн үйл ажиллагаа бүрэн хэрэгжээгүй шалтгааныг мэргэшсэн хүний нөөцийн хүрэлцээгүй байдал, жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээний зардал хангалттай бус, удирдах албан тушаалтнуудын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ОХШҮ -ээр мөн тодорхойлжээ.
ОНДЖХ-т хийсэн оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээнд үндэслэн ОНЖДХ-ийн төлөвлөлтийн загварыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой болгох, төсөв санхүүг нэмэгдүүлэх, орон нутгийн жендэрийн салбар хороог идэвхжүүлэх, орхигдсон бүлгүүдэд үйл ажиллагааг чиглүүлэх талаар дараах бодлогын зөвлөмжийг боловсруулан аймгийн шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байна.
1. ОНЖДХ-ийн төлөвлөлтийн загварыг сайжруулж, үйл ажиллагаа бүрд суурь болон хүрэх түвшинг тодорхой болгож, шалгуур үзүүлэлтүүдэд анхаарах
2. ОНЖДХ-ийн үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой болгож, орхигдсон зорилтот бүлгүүд болох хувийн хэвшлийнхэн, ажилгүй иргэд, малчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уул уурхайд ажиллагсад, тэдгээрийн гэр бүл рүү илүү чиглүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах, хяналт үнэлгээ хийх ажлыг санхүүжилттэйгээр төлөвлөлтөд тусгах
3. Сумдад жендэрийн салбар хороодыг байгуулж, чадавхжуулах, зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж, ажлын тайланг хэлэлцэх, дүгнэдэг болох
4. ОНЖДХ-ийн төсөв санхүүг жилээс жилд нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх, аймгийн салбар хороо, сумдын салбар хороодыг, санхүүжилттэй болгох
5. Жендэрийн асуудал хариуцсан хүний нөөцийг орон тоогоор ажиллуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт тавих, салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах боломжийг бүрдүүлэх зэрэг нийт 10 зөвлөмжийг боловсруулжээ.