БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Жендэрийн Үндэсний Хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэг зарласан.
 
Тус тэтгэлэгт Баянхонгор  аймгийн “Нийгмийн түншлэлийн сүлжээ”, “Жендэр Согоовор Арвай”, “Хонгор нутгийн үрс”, “Эрэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл”, Аймгийн “Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” зэрэг нийт нийт таван ИНБ-ын нэгдсэн баг шалгарч орон нутгийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.  
 
ОХШҮ-ий хүрээнд Баянхонгор аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийж түүний үр дүнд тулгуурлан цаашид жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах бодлогын зөвлөмжийг орон нутгийн удирдлагууд болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөллүүдэд танилцууллаа.
 
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд ИНБ, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь ТББ-уудыг чадавхжуулах, дэд хөтөлбөрийн дараа дараагийн төлөвлөлт, хэрэгжилтийг илүү оновчтой болгоход чухал үр нөлөөтэй томоохон ажил болсныгтөслийн хэрэгжүүлэгч талууд онцолж байна.
 
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Баянхонгор аймаг 2015 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг 3 зорилт 18 үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр баталсан. Хөндлөнгийн үнэлгээгээр төлөвлөгдсөн 18 үйл ажиллагаанаас 14 нь бодит ажил болж, 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн байна.
 
Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хүрээнд Төрийн бус байгууллага (ТББ)-уудтай хамтран хүчирхийлэлд өртөгчдөд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулан ажиллуулж, төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гэрээлэн гүйцэтгэх, түүнчлэн ЖСХ-ийн хохирогчдод үзүүлэх цогц үйлчилгээний туршлага арга зүйг орон нутгийн ТББ-уудад нэвтрүүлэх, тэдгээрийг чадавхжуулах  үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхүйц сайн туршлага болж байгаа зэрэг хөтөлбөрийн зорилтот үйл ажиллагааны үр шимийг орон нутгийн нийт 31200 иргэн хүртсэн байна. Дэд хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанд нийгмийн салбарын байгууллагууд, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах салбар зөвлөл  зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Эрэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн, “Гэр бүлийн үнэ цэн” аймгийн хоёрдугаар чуулган зохион байгуулсан нь чухал үр дүнтэй ажлууд болжээ.
 
Харин жендэрийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, хүйсээр ангилсан мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах, эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх, эрэгтэйчүүдийн эмнэлэгтэй болох  зэрэг  үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгаа нь санхүүжилт дутмаг, хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, аргачлал дутмаг зэргээс шалтгаалж байгааг оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний багийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
 
Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр (ОНЖДХ)-т хийсэн оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн дараах зөвлөмжийг боловсруулж хүргүүлээд байна.

1. ОНЖДХ-ийн үйл ажиллагааны төлөвлөлт, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах менежментийг сайжруулж,   олон нийтэд  хүргэх, мэдээлэх шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх,
2. Аймгийн жендэрийн салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх, хорооны гишүүдийг жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадваржуулах, гишүүдийн хариуцлагын механизмыг бий болгох, ЖЭТБХТХуулийг хэрэгжүүлэх аргачлал, ажил чиг үүргийг оновчтой болгох, хамтын ажиллагааг сайжруулах,
3. Сумын Засаг даргаар ахлуулсан жендэрийн дэд салбар хороог сум бүрд  байгуулж, харъяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ЖЭТБХТХ, орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад аймгийн салбар хороо мэргэжил  арга зүй, аргачлалаар хангах, зөвлөн туслах ажлыг үе шаттай зохион байгуулж,  ажлын  тайланг  сонсож  үнэлж, үр дүнг тооцдог болох,  
4. Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  хүртээмжтэй төсөв батлах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, олон нийтийн оролцоотой хяналт тавих,
5. Сургасан төрийн албан хаагчдын хийх ажлыг тодорхой болгож, эргэх холбоотой ажиллах, үр дүнгийн талаар чанарын судалгаа хийдэг, мэдээлдэг байх, идэвхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.
6. Иргэд, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр жендэрийн сургагч багшаар дэд салбар хорооны гишүүд, сургуулийн багш нар,  иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс сум бүрд бэлтгэх, үйл ажиллагааг  идэвхжүүлэх, хяналт тавих зэрэг зөвлөмжүүдийг боловсруулан орон нутгийн шийдвэр гаргагчдад хүргүүлээд байна.