ХОВД АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

ХОВД АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ДЭД ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

Жендэрийн Үндэсний Хорооноос Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ (ОХШҮ) хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэг зарласан.

Тэтгэлэгт тус аймгийн “Нийгмийн захиалга”, “Боловсролын сургалт, судалгааны “Алтай” хүрээлэн”, “Тогтвортой боловсрол”, “Гэгээхэн зүрх”, “Жавхлант гэрэлт ирээдүй”, “Баруун бүсийн хөгжил мэдээллийн хүрээлэн” зэрэг нийт зургаан ИНБ-ын хамтарсан баг ИНБ-ын хамтарсан баг шалгарч орон нутгийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.  
 
Дээрх ИНБ-уудын хамтарсан баг нь 2020 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд ОХШҮ хийж, түүний үр дүнд тулгуурлан цаашид жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах бодлогын зөвлөмжийг орон нутгийн удирдлагууд болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөллүүдэд танилцууллаа.
 
Орон нутгийн жендэрин дэд хөтөлбөр (ОНЖДХ)-ийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдснээр иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, тэдгээрийг чадавхжуулах, төр, иргэний нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулсан чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг хэрэгжүүлэгч талууд онцолсон байна.

Ховд аймаг 2017-2020 онуудад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр /ЖЭТБХ/-ийг батлан үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд тэргүүлэх чиглэлийн 25 үйл ажиллагаанаас 23 нь хэрэгжиж 92 хувийн гүйцэтгэлтэйгээр амжилттай хэрэгжсэн байна. Түүнчлэн хөтөлбөрийн хэрэгжилтэд анх 520 орчим сая төгрөг төсөвлөсөн хэдий ч 1 тэрбум 300 орчим сая төгрөгийг зарцуулсан талаар хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд дурдсан байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймаг хамтран 698 сая төгрөгийн өртөгтэйгээр “Түр хамгаалах байр”-тай болсон нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг байрлуулж аюулгүй байдлыг хангасан, түүнчлэн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 53 залуу гэр бүлийг сургалтад хамруулсан нь тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон үр дүнтэй ажлуудын нэг юм.

Харин орон нутгийн иргэдийн жендэрийн талаарх мэдлэг ойлголт болон хөтөлбөрийн талаарх иргэдийн мэдээлэл төдийлөн хангалттай бус байгаа байдал нь хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг бууруулах үндсэн нөхцөл болсон. Мөн ОНЖДХ-ийн талаарх мэдээлэл болон үйл ажиллагааг сум орон нутаг, алслагдсан бүс нутаг, малчид зэрэг нийгмийн бүлгүүд рүү чиглүүлэхэд анхаарах шаардлагатайг уг судалгааны дүн харуулжээ. Энэхүү үр дүнгээс улбаалан иргэдийн жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтвортой урт хугацаанд, өргөн хүрээнд өрнүүлэхэд төсөв зарцуулалтыг нэмэгдүүлэх ажлыг дараагийн хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөлтөд зайлшгүй тусгахыг онцолсон байна.

ИНБ-уудын хамтарсан баг дээрх хөндлөнгийн үнэлгээ шинжилгээний үр дүнд тулгуурлан цаашид дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээрх зөвлөмжийг боловсруулж, орон нутгийн удирдлагууд, шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байна. 

Үүнд:
1. ОНЖДХ-ийн хэрэгжилтэд оролцогчдын цар хүрээ, төрийн болон ТББ, ИНБ-уудын оролцоог хөтөлбөрт нарийвчлан тусгах,
2. ОНЖДХ-ийн нэн тэргүүний зорилго, зорилт нь жендэрийн боловсрол, мэдлэг ойлголтыг сайжруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд мэдээллийг тэгш, хүртээмжтэй олгох иргэдийн боловсролыг сайжруулах хүрээнд хэвлэл мэдээллийн олон сувагт тулгуурласан стратеги боловсруулах,
3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд мэдээллийн тэгш бус хүртээмжтэй байдал, сум орон нутаг, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг нийт 8 заалт бүхий зөвлөмж боловсруулжээ.