ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОЖ, АМЬЖИРГААГАА ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР ШИНЭ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ СУДАЛГААНЫ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, тэдний амьжиргааг сайжруулах боломжийг судлан бодлогын зөвлөмж гаргах судалгааны төслүүдийг сонгон шалгарууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй, малчин өрхүүдийн амьжиргаа эн тэргүүнд өртөж байна. Нөгөө талаас малын тоо толгойг хязгаарлаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээр, усны нөөцөө зөв зохистой ашиглаж хайрлан хамгаалахад малчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Үүнд малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн ялгаа, түүнээс үүдэн байгаль орчноо хамгаалахад оруулж буй онцлог хувь нэмрийг харгалзах, уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тэднийг дэмжих арга замыг зөв оновчтой тодорхойлох нь чухал. Тиймээс 2018 онд болсон “Тогтвортой Хөгжлийн Зорилт: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлаас гарсан “Улаанбаатарын тунхаглал”-д тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах стратегийг жендэрийн мэдрэмжтэй байдлаар нэн даруй боловсруулан хэрэгжүүлэхийг уриалсан билээ.
Малчин эмэгтэйчүүдийн байгаль орчин, байгалийн нөөц баялгаа хадгалж хамгаалах, зохистой ашиглахад гүйцэтгэж ирсэн түүхэн үүрэг болон өнөөгийн нөхцөлд тэдэнд тулгарч буй бэрхшээл, сорилтыг судлан, аж байдлыг нь сайжруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос судалгааны төслийн сонгон шалгаруулалт зарласан. Эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 28 төслөөс судалгааны баримтад түшиглэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, урьд нь хийгдсэн ажлуудтай давхцаагүй шинэлэг, онолын төдийгүй туршлагад нийцсэн байдал болон бусад шалгуурыг хангасан таван төслийг шалгаруулж, тус бүр 2,500 ам.долларын тэтгэлэг олгож байгаа бөгөөд үр дүнг 2021 оны хагас жилд багтаан Жендэр судлаачдын симпозиумаар хэлэлцүүлэх юм.
Төслүүдийн онцлох зорилтуудаас дурдвал, ус, намгархаг газрын экосистемийг түшиглэн амьдарч буй малчин өрхийн эмэгтэйчүүдийг аялал жуулчлалд татан оролцуулж орлогынх нь эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлтэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөө болон даван туулах боломжийн талаар мэдлэг мэдээлэл олгохоор тусгажээ. Шалгарсан төслүүд Ховд, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих юм.
Шалгарсан судалгааны төслүүд:
1. “Хар-Ус нуурын районд амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, амьжиргаагаа дээшлүүлэх боломж” - Доктор З.Бурмаа, Ховд их сургууль,
2. “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежмент” Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймаг – Докторант З.Ундрах, ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургууль,
3. “Уур амьсгал, улс төр, социологи нийгэм, хууль эрх зүй, нийгэм эдийн засгийн газарзүй зэрэг олон суурь шинжлэх ухааны салбар уулзвар дээр хийгдэх судалгаа” Хэнтий, Төв аймаг – ХААИС, АЭС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч доктор, дэд профессор Ш.Оюунтуяа,
4. “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба уур амьсгалын нөлөөлөл” сэдвээр Төв аймгийн Жаргалант, Заамар сумын бизнес эрхлэгч дунд судалгаа хийж, ажлын үр дүнг хэмжих – МУИС Бизнесийн сургуулийн дэд профессор Ө.Гэрэлт-Од,
5. Социологийн ухааны доктор М.Батбаатарын “Хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн амьдралын чанар, амьжир-гааны нөхцөлийг тодорхойлох тоон ба чанарын судалгаа” Архангай аймгийн хөдөөгийн эмэгтэйчүүдийн жишээнд суурилсан зэрэг судалгааны төслүүд шалгараад байна.
Уг ажлыг Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байна. Энэхүү төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад чиглэж байгаа билээ.