СУДАЛГААНЫ ТӨСӨЛ НЬ ШАЛГАРСАН ЭРДЭМТЭН СУДЛААЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ) малчин эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад оруулах үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний аж байдлыг сайжруулах арга замыг тодорхойлох шинэ мэдлэг мэдээлэл бий болгох судалгааны таван төслийг шалгаруулж тус бүр 2.500 ам.долларын (12.500 ам.доллар) тэтгэлгийг гардуулаад байна.
Судалгааны төслийн зорилго зорилтын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, мэдээлэл солилцох зорилгоор судалгааны төсөл нь шалгарсан эрдэмтэн судлаачдын багтай Жендэрийн үндэсний хороо цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр судалгааны үр шимийг хүртэгч эмэгтэйчүүдийн ахуй амьдралд бодитоор дэмжлэг болох арга замыг тодорхойлсон шинэлэг үйл ажиллагаа болно гэх өндөр хүлээлттэй байгаагаа уламжилж эрдэмтэн судлаачдад баяр хүргэж амжилт хүслээ.
Эрдэмтэн судлаачид судалгааны төслүүдээ товч танилцуулж үүний дараагаар төслийн зөвлөх багийн гишүүд болох ЖҮХ-ны дэргэдэх Жендэр Консорциумийн эрдэмтэн судлаачид судалгааны төсөлд санал зөвлөмжөө хүргүүлж, урьд нь хийгдэж байсан ажлуудтай давхцаагүй, онолын төдийгүй туршлагад нийцсэн байдлыг хангахын тулд анхаарах зүйлсийн талаар санал солилцлоо.
Ус, намгархаг газрын экосистемийг түшиглэн амьдарч буй малчин өрхийн эмэгтэйчүүдийг аялал жуулчлалд татан оролцуулж орлогынх нь эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлтэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөө болон даван туулах боломжийн талаар мэдлэг мэдээлэл олгохоор гол төлөв чиглэсэн судалгааны төслүүд нь Ховд, Архангай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Төв аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих юм.
Уг ажлыг Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж байна.