ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын даргалсан Жендэрийн үндэсний хорооны 2021 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар тус үнэлгээг үндэсний хэмжээнд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг Хорооны Ажлын албанд үүрэг болгосны дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ”-г холбогдох төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон Монгол Улс дахь хөгжлийн түншлэгч олон улсын байгууллагуудад танилцуулах нэг сар /2021.04.01-2021.05.01/-ын арга хэмжээг өрнүүлэх аяны хүрээнд тус хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг нээж. Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан хаагчид оролцлоо.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Эдийн засгийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон танилцуулж “Эм Эм Си Жи” ХХК-ний Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн нэмэлт тайлбар өглөө.