ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ТАНИЛЦУУЛЛАА

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т тусгагдсаны дагуу Хорооны ажлын алба нь Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэгтэй хамтран тус хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК-аар гэрээлэн гүйцэтгүүллээ.
2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаанд үнэлгээг танилцуулсан бөгөөд цаашид үндэсний хэмжээнд хүргэж, холбогдох арга хэмжээ авахыг Ажлын албанд даалгасан.
Энэ хүрээнд 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд төрийн байгууллага, жендэр, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудад нийт 200 албан бичгийг үнэлгээний тайлангийн хамт хүргүүлж, дээрх байгууллагуудын 910 (эрэгтэй 338, эмэгтэй 572) зорилтот оролцогчдыг хамруулсан 18 удаагийн цахим танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 35 оролцогчийн 44 санал, асуултад хариуллаа.
Түүнчлэн тус үнэлгээг олон нийтэд хүртээмжтэй байх хэрэгцээг анхааран Азийн сангийн дэмжлэгээр 15 богино хэмжээний видео танилцуулгыг бэлтгэж, Хорооны цахим хуудсанд байршуулснаар дээрх хугацаанд 493,587 хүнд хүрээд байна.
Бидний ажлыг дэмжин, хамтран ажилласан нийт байгууллагуудынхаа удирдлага, албан хаагчид, оролцогчид болон хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан шинжээч, зөвлөх, багш судлаач нартаа талархал илэрхийлж, эрүүл энх, ажлын амжилт хүсье.