МЭДЭХГҮЙГЭЭ ҮЛ ТООМСОРЛОЖ, ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ ХАРАМССААР БАЙХ УУ? ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ, ХҮЧИРХИЙЛЛИЙН АГУУЛГАГҮЙ ХАРИЛЦАА /Цуврал хэлэлцүүлэг-8/

Жендэрийн үндэсний хороо болон Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй энэхүү хэлэлцүүлгийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар, 2021 оны 5-р сарын 12-ны өдөр 10:00-12:30 цагийн хооронд зохион байгууллаа.
Сүүлийн үед олны танил эрхмүүд цахим орчинд хүний эрхийг үл хүндэтгэсэн, жендэрийн мэдрэмжгүй, жендэрт суурилсан хүчирхийллийг дэмжсэн утга бүхий үг үйлдэл гаргаж, түүнийг нь хэвлэл мэдээллийн байгууллага шүүлтүүргүй хэвлэн нийтэлж буй нь хүнлэг энэрэнгүй нийгэм цогцлоох үйл хэрэгт сөргөөр нөлөөлж байна.
Цахим сүлжээний хэрэглээ өсөхийн хэрээр олон нийтийн үлгэрлэл авч, даган дуурайдаг урлаг соёлын олны танил эрхмүүдийн санаатай болон санамсаргүй хийсэн үйлдэл, үг яриа олон нийтэд богино хугацаанд, өргөн цар хүрээнд нөлөөлөх болсон. Энэ ч утгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн адил хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанар болон нийтийн үнэт зүйлс, хэм хэмжээг хүндэтгэн үзэх үүрэг үүсээд байгаа юм.
Энэ хүрээнд Жендэрийн консорциумын гишүүд урлаг соёл, хэвлэл мэдээллийн салбар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй хамтран “Цахим орчин дахь хүний эрхийн мэдрэмжтэй, хүчирхийллийн агуулгагүй харилцаа” сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлэв.
Хэлэлцүүлэгт Соёл урлагийн их сургуулийн мэргэжлийн хөтөлбөр дэх жендэрийн дүн шинжилгээ сэдвээр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд проф Н.Болдмаа, Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээн дэх мэдээлэл ба жендэр сэдвээр Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Олон нийтийн нөлөөлөл ба жендэрийн мэдрэмж сэдвээр "Миний бүтээсэн Улаанбаатар" ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал; Юу Би Рийл Эстэйт ХХК-нийн гүйцэтгэх захирал Д.Даваадорж нар илтгэл танилцуулж.
НӨЛӨӨЛӨГЧДИЙГ “ЭЕРЭГ НӨЛӨӨ” ҮЗҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Та бүхэн тус хэлэлцүүлгийг үзэхийг хүсвэл доорх линкээр орж үзнэ үү.
https://bit.ly/2RbFJMA