“ЭРЭГТЭЙЛЭГ ШИНЖ БА ЗАЛУУСЫН НИЙГЭМШИЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэр консорциумын гишүүд ээлжит хэлэлцүүлгээ “Эрэгтэйлэг шинж ба залуусын нийгэмшил” сэдвээр зохион байгууллаа. Нийгмийн хөгжлөө даган өөрчлөгддөг эрэгтэйлэг шинж чанарын хувьсал нь эрэгтэйчүүд, хөвгүүдийн сонголтод нөлөөлж буй байдал, түүний давуу болон сул тал, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, санал солилцлоо. 

“Эрэгтэйлэг шинж ба залуусын нийгэмшил” хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн оюутан, төрийн албан хаагч бүхий 25 төлөөлөл оролцож,
  • ЖҮХАА-ны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг “Монгол эрчүүдийн талаарх статистик, өнөөгийн байдал”,
  • “Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн  сэтгэл зүйч Г.Анхбаяр “Эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлог”,
  • Жендэрийн үндэсний шинжээч Х.Баавгай “Гэр бүлийн амьдралд тулгамдаж буй асуудлыг эрчүүд хэрхэн шийдвэрлэж байна вэ?” зэрэг цаг үеийн, ач холбогдолтой анхаарал татсан сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Уг хэлэлцүүлэг нь Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд зохион байгуулж буй 10 удаагийн цуврал хэлэлцүүлгийн 9 дэх хэлэлцүүлэг болж байна. Өнгөрсөн хэлэлцүүлгүүдээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, жендэр ба мэргэжил сонголт болон жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй тэргүүтэй нийгэмд тулгамдсан, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн сэдвүүдийг хэлэлцсэн. КОВИД-19 цар тахлын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан цуврал хэлэлцүүлгийн өмнөх дугаарууд цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн хэлэлцүүлэг нь танхимаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байна.