“ЗАЛУУ МАЛЧДЫН АМЬДРАЛ АХУЙ ДАХЬ ЖЕНДЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ” СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЖ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ САЛБАР ДУНДЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлогод тусгагдсан “Залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” судалгааг Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй техникийн туслалцааны төслийн хүрээнд хийж гүйцэтгэн үндэсний хэмжээнд танилцууллаа. Цахимаар зохион байгуулагдсан тус салбар дундын хэлэлцүүлэгт ХХААХҮ, ХНХЯ, ЭМЯ, БОАЖЯ, БСШУЯ, УУХҮЯ, ХҮЭК, ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлага, хөгжлийн газар, агентлагийн удирдлага, албан тушаалтнууд, ИНБ-ууд, иргэдийн төлөөлөл бүхий 270 оролцогчид судалгааны үр дүнтэй танилцаж, санал зөвлөмжийг хэлэлцлээ.
Үйл ажиллагааг нээж Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэн нар үг хэлж, оролцогчдод хандан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэндчилгээ дэвшүүллээ.
18-34 насны бэлчээрийн болон хагас бэлчээрийн МАА эрхэлдэг Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ аймгийн малчдын дунд хийгдсэн уг судалгаагаар залуу малчдын ажил мэргэжлийн сонголт, гэр бүл, хөдөлмөрийн хуваарь, амьжиргаа, эдийн засгийн нөхцөл байдал, эрх мэдэл зэрэгт дүн шинжилгээ хийсний зэрэгцээгээр нийгэм-соёлын үйлчилгээ авахтай холбоотой асуудлуудыг тодрууллаа.
2019 оны байдлаар нийт малчдын 31 хувийг залуу малчид эзэлж байгаа бөгөөд энэ нь 1995 оныхоос 26.7 пунктээр, 2018 оныхоос 2.3 пунктээр буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн зөвхөн охиддоо боловсрол эзэмшүүлэх гэсэн уламжлалт жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй эмэгтэй малчдын боловсролын зөрүүг нэмэгдүүлж, улмаар хөдөөд хүйсийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна. Мөн зургаан настнуудыг сургуульд сургах шаардлагаар гэр бүл тусдаа өрх үүсгэн амьдарч байгаа нь залуу малчдын гэр бүлийн тогтвортой байдал алдагдах, эмэгтэйчүүд малчин ахуйгаасаа хөндийрөх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдлийг нэмэгдүүлэх зэрэг үр дагаварт хүргэж байна. Иймд хот хөдөөгийн нийгэм-соёлын үйлчилгээний зөрүүг багасгах, МАА-н хөдөлмөрийг хөнгөвчлөх техник технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх нь залуусыг тэр дундаа охидыг МАА-д татах гол хөшүүрэг болно гэдгийг судлаачид онцолж байна.
МАА эрхлэхийг бизнес эрхлэхтэй дүйлгэн ойлгох хандлага залуу малчдын дунд дутмаг байна. Иймд малчдад уламжлалт мэдлэг, шинжлэх ухаан технологид суурилсан мал маллагаа хийгээд бизнес эрхлэх чадамжийг эзэмшүүлэх, санхүүгийн боловсролыг олгох, орлого зарлагын зарцуулалтыг зохистой болгох замаар хуримтлалтай болгох дадалд хэвшүүлэх хэрэгцээ өндөр байгааг судалгааны тоо баримт нотолж байна.
ХХААХҮ-ийн салбарын тогтвортой хөгжлийг жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт үнэлгээгээр дэмжих зорилго бүхий салбарын жендэрийн бодлого 2018 онд батлагдсан. Тус салбарын бодлогод малчдын хөгжлийг дэмжих, залуу халааг бэлтгэхтэй холбоотой нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дотроос залуу малчдын нөхцөл байдалд жендэрийн дүн шинжилгээ хийж үр дүнг үндэсний хэмжээнд танилцуулах үйл ажиллагааг 2018-2021 онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Дээрх төлөвлөгөөт үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн уг судалгаа нь залуу малчдын нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, МУТХҮБ -2030 “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчныг бүрдүүлэх” зорилтын биелэлтийг хангахад бодит дэмжлэг болох юм.