ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД ЖЕНДЭРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Хорооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дэргэд жендэрийн асуудлаар хамтран ажиллах сэтгүүлчдийн клубийг байгуулах гурван жилийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сайн дурын үндсэн дээр байгуулагдах клуб нь жендэр, хүний эрхийн чиглэлээрх хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хэвлэл мэдээллийн байгууллага түүний төлөөллүүдийн оролцоог хангах, бүх нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэхэд ХМХ-ийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, тэдний жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг нэгтгэх замаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилготой байгуулагдлаа.
Өнгөрсөн оны 12 дугаар сард хийгдсэн “Сэтгүүл зүйн бодлогын жендэрийн мэдрэмжтэй байдалд хийсэн үнэлгээ”-ээр гарсан “Сэтгүүлч, редакторууд жендэр, ЖСХ-ийн асуудлыг редакцын бодлогын түвшинд хөндөх, хамтран ажиллах, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байдлаар мэргэших сонирхол, хүсэл эрмэлзэлтэй боловч өөрсдөө бие даан хэрэгжүүлэхэд бэлэн бус тул тэдэнд туршлага солилцох, мэдлэгээ дээшлүүлэх талбарыг бүрдүүлэх, улмаар жендэр, ЖСХ-ийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд редакцуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж тогтвортой хамтран ажиллах” зөвлөмжийг бодит ажил хэрэг болгох ажлын эхлэл гэдгийг Ажлын албаны дарга онцлон тэмдэглэлээ.
ХМЗ-ийн Ёс зүйн хороонд иргэдээс ирдэг гомдлын дийлэнх хувийг хүний эрх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголттой холбоотой зөрчлүүд эзэлж байгаа нь бүх нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэхэд Хороо болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах хэрэгцээ шаардлагыг үүсгэж байгааг талууд мөн онцолж байна.
Клубийн үйл ажиллагаа нь жендэр, хүний эрхийн чиглэлээр нийтлэл нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчдийг нэгтгэх, өргөжүүлэхээс гадна тогтмол уулзалтыг зохион байгуулах юм. Уулзалтаар жендэрийн чиглэлээр сургалтад хамрагдах, харилцан туршлага солилцох, сэтгүүлчдийг дэмжих тэтгэлэг, уралдаанд оролцох боломжийг хамтдаа эрэлхийлэх, гадны эх сурвалж бүтээлүүдтэй танилцаж мэдлэг ойлголтоо тэлэх, холбогдох кейсийн талаар мэдээлэл олж авах боломжийг нээж өгнө гэдгийг клубийг санаачилагчид хэллээ.