“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” /2017-2021/-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ БҮСИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”
/2017-2021/-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ БҮСИЙН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-05-30 Сайншанд хот

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй НҮБХАС-тай хамтран хэрэгжүүлж байгаа жендэрийн төслийн хүрээнд шинээр батлагдсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” /2017-2021/-ийг танилцуулах, жендэрт суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилгоор говийн бүсийн 4 аймгийг хамруулсан Бүсийн форумыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгууллаа.

gyPct3m0Ans1M2H.jpg

Дээрх арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул болон аймгийн газар, хэлтсийн дарга, захиргаа, хүний нөөц, статистик тоо бүртгэлийн мэргэжилтэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Хамтарсан баг”-ийн төлөөлөл, аймгийн төвийн сум, багийн Засаг дарга нар болон Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн НБХ-ийн дарга, мэргэжилтэн нийт 100 орчим хүн хамрагдлаа. Форумын үеэр Дорноговь аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар 2016-2017 онд авч хэрэгжүүлсэн болон авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Форумд оролцогчдоос хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтанд хамруулах, харилцан туршлага солилцох арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулах талаар саналаа дэвшүүллээ.
Бүсийн форумын хүрээнд ХНХЯ-ны ЖҮХ-ны ажлын албаны сайн дурын ажилтан Андреа Шэский “Хамгаалах байр” сэдвээр хамтарсан багийн ажилтнуудад сургалт явуулж, Канад улсын туршлагаас танилцууллаа.