"Хүчирхийлэлд үгүй гэж хэлье" уриатайгаар "Цагаан туузтан"-ы аянд нэгдлээ.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг. Энэ аяны хүрээнд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриатай “Цагаан тууз” хөдөлгөөнийг өрнүүлдэг уламжлал тогтоод буй юм. Аяныг зохион байгуулагчийн нэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хорооноос өнөөдөр “Цагаан тууз” хөдөлгөөнийг яам төдийгүй салбарын хэмжээнд өрнүүлж олон зуун хүнийг хамруулж чадлаа. 

Цагаан тууз зүүх нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалтыг өгч буйн илэрхийлэл юм.

Сүүлийн үед хүүхдийн тэр дундаа бага насны охидыг хүчирхийлсэн тухай сэтгэл эмзэглүүлсэн хэргүүд гарч олныг түгшээх болсон. Хүчирхийллийг бууруулахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлж, хүчирхийлэлд өртсөн хойно нь биш өртөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж бодит үр дүнд хүрэх ёстой гэж үзэж байгаа.

Тиймээс Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг өргөн далайцтай өрнүүлэхэд анхаарч ажилладаг бөгөөд өнөөдрийн “Цагаан тууз” хөдөлгөөнд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, ажилтнууд бүгд тун ч идэвхтэй нэгдэж хамт олноороо хүчирхийлэлд үгүй гэж хэллээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эхэлсэн “Цагаан тууз” хөдөлгөөнд төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, бүх яам, агентлаг, нийслэл, аймаг, сум, дүүргийн төрийн албаныхан нэгдсэнээр олон нийтийн анхаарлыг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд чиглүүлж чадсан юм.

http://mlsp.gov.mn/nnews/208