СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА.

2017-12-14 Сүхбаатар хот

ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа“ техникийн туслалцааны төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийг боловсруулах ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар байгууллагдсан ажлын хэсэг, зөвлөх багтай хамтран гүйцэтгэж, хөтөлбөрийн төслийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж баталлаа.

lJPFFkQDj7rPTJb.jpg

Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, зөвлөх багийн хамт Сэлэнгэ аймагт ажиллаж, холбогдох сургалт семинарыг зохион байгуулсан бөгөөд
сургалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бямбаа нээж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, “жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээ, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийг ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол”, аймгийн ИНБ-ын холбооны тэргүүн Ж.Саранцэцэг “Аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ” үнэлгээний товч танилцуулга, аймгийн жендэрийн салбар хорооны жендэрийн мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ “жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”–ийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, төслийн жендэрийн зөвлөх О.Оюунцэцэг, Б.Онон нар “жендэр, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт”-ийн талаар тус тус танилцуулж, орон нутагт хийсэн жендэрийн дүн шинжилгээний талаар хурлын төлөөлөгчидтэй санал солилцлоо.
Түүнчлэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын жендэрийн бодлого” оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний семинарыг тус аймагт зохион байгуулж, аймгийн ЗДТГ-ын НБХ болон ЭМНДХ, ХХҮГ, ГБХЗХГ, МСҮТ-ийн төлөөлөл нийт 23 хүн хамрагдлаа. Төслийн жендэрийн зөвлөх багийн зүгээс “Жендэрийн үндсэн ойлголт”, “Салбарын жендэрийн бодлого, түүнийг боловсруулах үйл явц” сэдвүүдээр илтгэл тавьж үндэсний болон салбарын жендэрийн бодлогын уялдаа, салбарын жендэрийн бодлого боловсруулах ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл явцын талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох агентлагийн мэргэжилтнүүд салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, салбарын хэмжээнд тулгамдаж байгаа гадаад болон дотоод асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойллоо.