“ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ

Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын чиг хандлагыг хэлэлцэх, түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Жендэр ба Хөгжил” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хорооноос санаачлан 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулав. Үндэсний чуулганд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, яамд(Жендэрийн салбар зөвлөл), нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга (Жендэрийн салбар хорооны дарга) болон төрийн холбогдох ажилтан, албан хаагчид, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, олон улсын байгууллагуудын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Үндэсний чуулганы төлөөлөгчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Чинзоригийн танилцуулсан “Төрөөс жендэрийн талаар баримтлах бодлого, үр дүн, зорилт” сэдэвт үндсэн илтгэлийг сонсож, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын өрнүүлсэн нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын чиг хандлага, түншлэл хамтын ажиллагааг эрчимжүүлэх нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.

Чуулганы төлөөлөгчид БИД,

Улс орны хөгжлийн бодлого, нийгэм-эдийн засгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зарчимд үндэслэн,

Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлж, бодлогын зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгцээнд тулгуурлан,

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар үүрэг хүлээгчдийг чадавхжуулж, жендэрийн асуудлаарх удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдлыг анхааран,

Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээнд нэвтрүүлэх нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах нэг арга зам болохыг хүлээн зөвшөөрч, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.

Нэг. Монгол Улсын Их Хуралд:

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнгийн хэрэгжилт, төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайлан, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит тайланг 2 жил тутам УИХ-д танилцуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Жендэрийн үр нөлөөг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, аливаа хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхэд хяналт тавих.

Хоёр. Хүний эрхийн үндэсний комисст:

  • Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Хүйсийн баримжаа, бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхахаас сэргийлэх, соёлын олон янз байдлын талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг арилгах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх гомдолыг хүлээн авах, хянан шийдвэрлэх механизмыг олон нийтэд таниулан сурталчлах.

Гурав.Төрийн албаны зөвлөлд:

  • Төрийн албан хаагчдын жендэрийн мэдлэг, ур чадвар, манлайллыг дээшлүүлэх чиглэлээрх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийг хөгжүүлэх;
  • Төрийн албан хаагчдын хүйсийн тэнцвэрт байдлын судалгааг төрийн байгууллагын хүний нөөцийн хөгжлийн болон жендэрийн бодлого төлөвлөлтөнд ашиглах боломжийг бүрдүүлэх.

Дөрөв. Үндэсний статистикийн хороонд:

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, салбарын бодлого, орон нутгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж хэмжихэд ашиглах тоон болон чанарын статистик мэдээллээр хангах;
  • Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээний жендэрийн статистик үзүүлэлтийг жендэрийн тэгш байдлыг хангах орчин үеийн бодлогын чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх, мэдээллийн ашиглалтыг бүх түвшинд сайжруулах.

Тав. Монгол Улсын Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагад:

  • Нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахдаа нийгмийн бүлгүүдэд нөлөөлөх байдлын судалгаанд үндэслэх, бодит оролцоог хангах зарчмыг бүх түвшинд баримтлах;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог чадавхжуулах, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;
  • Төрийн захиргааны төв байгууллага нь салбарт баримтлах жендэрийн бодлогыг батлах, хэрэгжилтийг хангах төсвийг хуваарилах, жендэрийн асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй банк санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын Хөгжлийн Банк, Төрийн өмчийн оролцоотой банкуудын нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээрийн зээлийн бодлогод эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, бичил болон жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого боловсруулах;
  • Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай Монгол Улсын санаачилсан НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын санал санаачлагатай уялдуулах, бүс нутгийн хэмжээнд манлайлан оролцох;
  • Бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, жендэрийн бодлогын чиг хандлагад нийцсэн гэр бүлийн боловсрол олгох сургалтын тогтолцоог хөгжүүлэх;
  • Жендэрт суурилсан хүчирхиийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хохирогчид чиглэсэн үйлчилгээний тогтолцоог бүх түвшинд хөгжүүлэх;
  • Үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд оролцох, хамтран ажиллах чадавхийг бүрдүүлэх санаачлага гаргах, хамтын ажиллагааны механизмыг сайжруулах;
  • Жендэрийн талаар нийгэмд тогтсон хэвшмэл буруу ойлголтыг арилгахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог тодорхойлох, энэ чиглэлээр баримталж буй бодлогоо олон нийтэд зарлан тунхаглаж, идэвх санаачлага гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжин, хамтран ажиллах;
  • Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дэмжиж, энэ хүрээнд сайн туршлага нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжин урамшуулах;
  • Үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон улсын болон донор байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааны хүрээг оновчтой тодорхойлох.

Зургаа. Орон нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагад:

  • Орон нутгийн онцлог, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн жендэрийн дэд хөтөлбөрийг төсвийн хамтаар батлах;
  • Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтолцоог анхан шатны түвшинд бүрдүүлэн чадавхжуулах.

Долоо. Төрийн бус, иргэний нийгмийн байгууллагад:

  • Жендэрийн асуудлаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, туршлагаа үндэсний хэмжээнд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх;
  • Орон нутгийн төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудыг жендэрийн бодлого төлөвлөлт, түүнд мониторинг хийх, “Жендэр ба Хөгжил” хандлагын хүрээнд хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх.

Найм. Улс төрийн намуудад:

  • Улс төрийн нам нь бодлогодоо жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх, эмэгтэй улс төрч, төрийн зүтгэлтнийг бэлтгэх чиглэлээр хүчин чармайлт гаргах.

Ес. Хэвлэл, мэдээллийн байгууллагад:

  • Монгол Улсын жендэрийн тэгш байдлын талаарх ололт амжилтыг үндэсний болон орон нутгийн түвшинд сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх;
  • Байгууллага, аж ахуйн нэгж нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар сурвалжлах, сайн туршлагыг олон нийтийн сүлжээгээр түгээх, алдаршуулах.


Арав. Аж ахуйн нэгж байгууллагад:

  • Аж ахуйн нэгж байгууллага нь нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний, салбарын, орон нутгийн жендэрийн бодлогыг дэмжих, хамтран ажиллах;
  • Хүн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн тэгш байдлыг дэмжих;
  • Аж ахуйн нэгж байгууллага нь хөдөлмөрийн дотоод журамдаа хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтын талаар тусгаж, энэ чиглэлээр ажилтан албан хаагчдын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх.

Арван нэг. Жендэрийн консорциум, жендэрийн шинжээч, судлаачдад:

  • Жендэр судлалыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, жендэрийн судалгааны хүрээ, чиглэлийг олон улсын болон үндэсний бодлогын чиг хандлагатай уялдуулан тодорхойлох;
  • Жендэр судлаач, шинжээчдийг мэргэшүүлэн чадавхжуулах хүрээнд хамтран ажиллах;

“Жендэр ба хөгжил” үндэсний чуулганд оролцогчид.

Төрийн ордны Их танхим

2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр