С.Чинзориг: Жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн үндсэн түлхүүр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй "Жендэр ба хөгжил" үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох албаны төлөөллүүд оролцож байна. Чуулганы үйл ажиллагаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, хороод, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 500 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна.

Эрхэмсэг ноёд хатагтай нараа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өглөөний мэндийг дэвшүүлж, айлчлан ирж буй “нөхөрсөг” хэмээх шар нохой жилдээ ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.

l4xIwQB5NfzHqoR.jpg

Дэлхийн улс орнууд хөгжил дэвшлийн төлөөх хүчин чармайлтаа нэгтгэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийг хичээж байна. Энэ зорилтын гадна нэг ч улс орон, нэг ч хүн үлдэх ёсгүй. Эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу хэн боловч улс орноо хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож үр шимээс нь тэгш хүртэж хамтдаа урагшлах нь өнөөгийн хөгжлийн гол зарчим билээ. Ингэснээр хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг уламжлалт арга барил халаагаа өгч, бидний өнөөдөр хэлэлцэх гэж буй жендэрийн тэгш байдал хөгжлийн нэгэн гол шалгуур болж байна. 

Манай улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тэгш эрх, адил боломжоор хангахад анхаарч ирсэн. Бас эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар чухал шийдвэрүүд гаргаж ирсэн түүхэн уламжлалтай. Ардын хувьсгал ялсан анхны жилээс эмэгтэйчүүдийг богтлохыг хориглож, тэдэнд эрэгтэйчүүдийн нэгэн адил суралцах эрх олгож, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж эхэлсэн түүхтэй. Энэ чиглэлээр олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж 1960-аад оноос хойш эхчүүд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах аливаа хэлбэрийг устгах талаар НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудаас баталсан 30 гаруй  конвенцид нэгдэн орсон. Энэхүү бодлого, чухал арга хэмжээний үр дүнд бид 1960 он гэхэд бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, ард иргэд маань эх орныхоо бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн оролцож, хөгжил дэвшилд хүрсэн юм.

Монгол оронд өөрчлөлт шинэчлэл өрнөсөн 1990 оноос өнөөг хүртэл хугацаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангахад чиглэсэн төрийн бодлогын залгамж холбоо тасралгүй, алхам алхамаар урагшилж байна. Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуулийн “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээх заалт, НҮБ-ын ивээл дор зохион байгуулагдсан Хүний эрхийн асуудлаарх 1993 оны Венийн, Хүн амын хөгжлийн асуудлаарх 1994 оны Кайрын, Эмэгтэйчүүдийн асуудлаарх 1995 оны Бээжингийн олон улсын бага хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлж жендэрийн тэгш байдлыг хангахад ахиц гаргахыг зорьж байна.

Тийм учираас манай улс жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг 2002 онд батлан хэрэгжүүлж,  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлан мөрдүүлээд байна. Энэ хуулийг батлан гаргаснаар манай улс Ази тивдээ жендэрийн асуудлаар ахиц дэвшил гаргасан цөөн орны тоонд зүй ёсоор багтах болсон. Ийм түвшинд хүрэхэд энд хүрэлцэн ирсэн эхчүүд, эмэгтэйчүүд та бүхний хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.  

Чуулганы төлөөлөгчид өө,

Жендэрийн тэгш байдал нь нэг салбарын дагнан хариуцах хүрээнээс хальсан,  салбар дундын зохицуулалт, олон талт хамтын ажиллагаа шаардах онцлогтой асуудал гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс уг асуудлыг зохицуулах үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, хорооны гишүүдийг төр, төрийн бус байгууллагаас тэнцүү тоогоор бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн салбар, орон нутагт жендэрийн асуудал хариуцсан бүтэц, үндэсний хэмжээний сүлжээ бий болгох зорилгоор яамд, аймаг, нийслэл, дүүрэгт 44 жендэрийн салбар зөвлөл, хороодыг байгуулаад байна. Үндэсний хэмжээнд ажиллах анхны жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж, Жендэрийн үндэсний хорооны дэргэд мэргэшсэн жендэрийн шинжээчдийн бүлэг, хэвлэл мэдээллийн зөвлөл, жендэр консорциумыг ажиллуулж эхэллээ.

Төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд жендэрийн зарим үзүүлэлт сайжирч байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалтын үзүүлэлтүүд нэмэгдэж, жендэрийн хөгжлийн индекс 2002 онд 0.6 пункт байсан бол 2015 онд 1.0 болж 0.4 пунктээр өслөө.

Хөвгүүдийн сургууль завсардалт багасч, бага болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүйсийн харьцаа бараг тэнцүү, их, дээд сургуульд суралцагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин нэмэгдсэн. Энэ нь боловсролын салбарт жендэрийн зөрүүтэй байдал багасч байгааг харууллаа. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд Засгийн газар, олон нийтийн зүгээс тавих анхаарал ч нэмэгдсэн.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо өсч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сайжирлаа. Улс төрийн намууд бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг дүрмээрээ тогтоож байгаа. Саяхан хуралдсан Монгол ардын нам дүрэмдээ бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 байсныг 30 болгон нэмэгдүүлсэн. Энэхүү улс төрийн соёл цаашид бусад улс төрийн хүчинд үлгэр дууриал, сайн нөлөөлөл болно гэдэгт итгэж байна. Энэ мэтээр жендерийн талаар ахиц дэвшил гарлаа ч асуудал бэрхшээл цөөнгүй байна.

Тухайлбал, нийт ажиллагчдын дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин эмэгтэйчүүдийнхээс 6 пунктээр илүү болсон. Энэ харьцаа цаашид хадгаладах төлөвтэй. Харин эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч  эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж цалингийн ялгаа багасахгүй байна. 2017 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин улсын хэмжээнд 955.9 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 846.1 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 1 сая 67.9 мянган  төгрөг, цалингийн зөрүү 221.8 мянган төгрөг болжээ.  Энэ зөрүү нь цалингийн хэмжээнээс хамааралтай тэтгэвэр, тэтгэмжид нөлөөлж байна. Тухайлбал, 2016 оны байдлаар эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнхээс 68.4 мянган төгрөгөөр буюу 18.6 хувиар бага байна.

Цалингийн ялгаа эдийн засгийн салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн статус, зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөн, цалин хөлс өндөртэй уул уурхай, барилга, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр ба агуулахын үйлчилгээ, мэдээлэл холбоо зэрэг салбарт эрэгтэйчүүд голлож, бөөний худалдаа, орон сууц, нийтийн аж ахуй, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ, хүнсний салбарт эмэгтэйчүүд давамгайлж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн голлон ажиллаж байгаа бөөний болон жижиглэнгийн худалдаа, хүнсний салбар нь жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлт ихтэй учир нийгмийн хамгааллын асуудлууд нь доголдолтой байгаа юм.

Мөн залуу болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажилд авахаас татгалзах, эмэгтэйчүүдийг эрт тэтгэвэрт гаргах явдал хавтгайрах боллоо. Энэ нь  манай аж ахуйн нэгж, байгууллагад нийгмийн хариуцлага, жендэрийн соёлын талаарх мэдлэг дутмаг, ухамсар суугаагүйтэй  холбоотой. Хэдийгээр иймэрхүү саад бэрхшээл тулгарч байгаа ч эмэгтэйчүүдийн дунд хөдөлмөр эрхлэх сонирхол харьцангуй өндөр байгааг статистик мэдээлэл харуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны бүртгэлтэй ажилгүй иргэдийн 53 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн энэхүү хүсэл эрмэлзэлд нийцсэн бодлого явуулах нь төрийн үүрэг мөн.

Гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, амьдралын чанар, эрүүл мэндийн асуудлыг жендэрийн өнцгөөс авч үзэх шаардлагатай байна. 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлд 1120 иргэн өртөсний 92.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.5 дахин, хүчирхийлэл үйлдэх хандлага 3.6 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна. Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллацгаая.

http://www.mlsp.gov.mn/nnews/242