“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО: ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Улаанбаатар хот, 2018 оны зургаадугаар сарын 26: Төрөөс жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчныг хөгжүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр сүүлийн 20 гаруй жилд хүчин чармайлт гаргаж, “Жендэр ба хөгжил” хандлагын хүрээнд иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү бага хурлын гол зорилго нь “Жендэр ба Хөгжил” хандлагын хүрээнд ололт амжилт, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлж, “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны платформ үүсгэхэд чиглэгдэж байгаа юм.

Бага хурал  АНУ, Австрали, БНСУ, Канад, Япон зэрэг 5 орны зочин илтгэгчид болон төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаач,  гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын, хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын 250 гаруй зочид, төлөөлөгчтэйгээр зохион байгуулна.  

Бага хурал нэгдсэн хуралдаанаас гадна “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа”, “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээрх олон улсын түншлэл хамтын ажиллагаа” гэсэн гурван салбар хуралдаантайгаар үргэлжлэх болно.

Бага хурлаас Тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон улсын түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар “Улаанбаатар тунхаглал” гаргахаар төлөвлөж байна.

Жендэрийн Үндэсний хороо
Утас: 51-261569
www.gender.gov.mn

Хэвлэлийн хүрээлэн ТББ
Утас: 350002
www.pressinst.org.mn